logo
“Силикон хөндий” Монголыг баялгийн хараалаас аварна

“Силикон хөндий” Монголыг баялгийн хараалаас аварна

2011/09/05
Монгол Улс хөрсөн доороо арвин баялагтай нь дэлхий дахинаа нэгэнт ил болсон. Гэвч баялгийнхаа ачаар урагшлан хөгжих үү, ухран хоцрох уу гэдэг нь олон үйлдэлт оньсон тоглоом мэт ойлгомжгүй хэвээр байна. Ашигт малтмалын замбараагүй олгосон лиценз, түүнийг дагасан гадаад дотоодын том жижиг уурхайнууд сүүлийн хэдэн жилд Монголын байгалийг танигдахгүй болтол сүйтгэж, ус гол ширгээн унаган төрхийг нь алдагдуулж буй.
 Дээрээс нь ашигт малтмал олборлогчид болон нутгийн иргэдийн хооронд мөнхийн тэмцэл өрнөж, бүр хүний амь эрсдэх болов. Олборлолт тойрсон үйл ажиллагаа нээлттэй биш байгаагаас улстөрчид нь баялгаа гадныханд худалдаж байна хэмээн хардагдаж, төр засагтаа итгэх ард иргэдийн итгэл өдрөөс өдөрт өлмий доор унасаар. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд намууд бэлэн мөнгө амлаж, түүнийгээ олборлох салбарын ашиг орлогоос шахаж гаргах гэж хөгжилд дэмтэй бусад салбараа хөсөр хаясаар. Энэ бүх таагүй үр дагавраас харахад Монгол Улс хэдийнэ “эрдэс баялгийн ханиад”-аар өвчилж эхэлсэн бөгөөд цаг алдалгүй зохистой арга хэмжээ авахгүй бол ханиад нь “хараал” болж хувирах аюултайг Монголд санаа зовиносон олон улсын эдийн засагчид сануулж байна.
 Чухамдаа уул уурхайгаас орж ирсэн ашиг орлогыг тусгай санд хуримтлуулж, үр ашгаа өгөх өөр салбарт зарцуулах нь алдарт “голланд өвчин”-нөөс урьдчилан сэргийлэх тарилга болно гэдгийг мэдэхгүй хүнгүй ч өнөөг хүртэл тоймтой дорвитой юм хийгдэхгүй байгаа. Харин сүүлийн үед Африкийн орнуудаас эхтэй тэрхүү “халдварт” өвчний нэг “вакцин” нь мэдээллийн технологи хэмээн ярих болсон нь сайшаалтай. Ялангуяа улс орондоо өөрийн гэсэн мэдээллийн технологийн бүс байгуулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэргэжилтэн бэлдэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монголыг уул уурхайгаас илүүтэй хурдан хөгжүүлэх гарц болно хэмээн өндөр хөгжилтэй оронд мэдлэг боловсрол эзэмшсэн залуус дуу хоолойгоо илэрхийлсээр байна.
 Мэдээллийн технологийн бүсийг анх 1970-аад оны үед АНУ-д байгуулжээ. Тухайн үедээ Америкийн зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор бий болгосон нь дэлхий дахинаа “Силикон ваалий” буюу “хөндий” хэмээн алдаршжээ. Гэхдээ үндэс суурь нь үүнээс ч эрт, бүр хорьдугаар зууны эхээс улбаатай. “Силикон хөндий” бий болж, хөгжин цэцэглэхэд Станфордын их сургуулийн төгсөгчид голлох үүрэг гүйцэтгэжээ. “Силикон хөндий”-д компьютер техник программ хангамжийн үйлдвэрлэл олноор байгуулагдаж улс орны төдийгүй дэлхий нийтийн мэдээллийн технологийн хөгжлийг шинэ шатанд гаргасан судалгаа нээлт, туршилтууд хийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх болсон байна.
 Барууны орнуудын “зүрх” нь болоод байгаа энэхүү “Силикон хөндий”-г Монголынхоо онцлогт тохируулан байгуулахыг Монгол Улсын Засгийн газар ч дэмжиж байгаа юм. Ингэхдээ боловсролын чанараараа улсдаа тэргүүлдэг их, дээд сургуулийг нэг дор төвлөрүүлэн хотхон байгуулж, мэдлэг чадвартай оюутнуудыг төгсөнгүүт нь томоохон компанид зуучлах буюу нарийн мэргэшсэн залуусыг бие даан компани байгуулахад нь тусалж, аутсорсингийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дэмжих байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд С.Батболд мэдэгдэж байсан.
Мэдээллийн технологид хил хязгаар байхгүй. Хил давахгүйгээр, тэр ч бүү хэл гэрээсээ толгойгоо ч цухуйлгахгүйгээр дэлхийн том том компанид ажиллаж, тэндхийн ажилтнуудын жишиг цалинг авч болдог цор ганц салбар гэж хэлж болно. Барилгын инженер хүн байшин барьж байгаа талбартаа очихгүйгээр ажлаа хийж болдоггүй бол программ зохиодог хүн ажилладаг газартаа заавал биеэр очиж, цагаа бүртгүүлэх шаардлагагүй.
Технологийн дэвшилд суурилсан энэ боломжийг ихэнх улс орон, ялангуяа энэтхэгчүүд чадмаг ашиглаж иржээ. Бичгийн англи хэл, цагийн зөрүүгээ ашиглан Америкийн компаниудаас аутсорсингоор ажил гүйцэтгэн, завсарт нь нарийн мэргэжилтнүүдээ сургасаар мэдээллийн технологийн салбараа дэлхийд тэргүүлэгч болтол өөд нь татсан байна. Одоо тэд технологийн инновацид илүүтэй анхаарч, үүнд суурилсан эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байгаа. Технологийн инноваци гэдэг нь шинээр бүтээгдсэн мэдлэг, технологийн патент дээр суурилсан үйлдвэрлэл явуулж, өргөн хэмжээний эдийн засгийн үр ашгийг бий болгох тухай ойлголт аж. Био болон нано технологи гэх мэт өндөр технологийн инновацийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ чиглэл рүү авьяаслаг залуус хошууран ордог байх аятай таатай нөхцөл бүрдүүлбэл өрсөлдөөн аандаа бий болох юм. Энэ чиглэлд зөв бодлого явуулж амжилтад хүрч байгаа жишээ гэвэл Энэтхэг, Хятад, Вьетнам гээд олон орныг дурдаж болно. Ялангуяа урд хөршийн туршлага, өргөн зах зээлийн хажуугаар өнгөрвөл том боломж алдах гэнэ.
Хойд хөршийн Засгийн газар саяхан Москва хотын ойролцоо Скольково, Ведомости хотуудад “Силикон хөндий”-н өөрийн хувилбарыг байгуулах шийдвэр гаргаад байгаа. Тус парк нь 7-10 жил татвараас чөлөөлөгдөх ба нийгмийн даатгал болон бусад хөнгөлөлт эдлэх аж. Шинийг санаачлагч технологийн компаниуд төсвийн дэмжлэг авах ба төрийн тендерүүдэд илүү давуу эрхтэй оролцох гэнэ. Өндөр төвшний технологийн салбарыг хөгжүүлж түүхий эд материалын экспортоос хамаарал багатай болохыг Орос зорьж байгаа бөгөөд тус салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Харин Монголдоо “Силикон хөндий” байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын хотхоныг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглосон сургууль, цэцэрлэг зэрэг орчинг цогцоор нь шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болно хэмээн Ерөнхий сайд амлачихаад байгаа. Энэ дагуу БНЭУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын зээлээр “Аутсорсингийн төв” байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн, дунд болон Их сургууль байгуулах цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ хэрвээ ажил хэрэг болчихвол дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч АНУ “Силикон ваалий”-гийн монгол хувилбар нахиалж, монголчууд бид зөвхөн байгалийн баялагтаа найдаж, ашигт малтмалын орлогын хэмжээнд сэтгэж амьдрахаа болих юм.
Харин хоосон яриа болоод өнгөрвөл экспортынхоо 95 хувийг түүхийгээр нь гаргасаар, түүхий эд бэлтгэн нийлүүлдэг л улс байна. Үлдэж буй таван хувийг зөвхөн ноолуурын боловсруулалтаар нөхдөг манайх шиг оронд мэдлэгт шингэсэн экспорт эмзэг сэдэв болчихоод байгаа. Үйлдвэржүүлэх, ялангуяа мэдлэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулахгүй энэ хэвээр яваад байвал улс орны тусгаар тогтнолын асуудал ярвигтай болж ирэхийг бүгд мэдэж байгаа. Өнөөгийн Монголд баялаг бүтээдэг компани ховор, ихэнх нь худалдаа, зууч, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн их татвар төлдөг үндэсний үйлдвэрчид нь архины компаниуд байдаг нь нэг ёсондоо эмгэнэл юм. Үүрэн телефоны операторууд харьцангуй ашигтай ажилладаг ч тэдний ард гадаадын томоохон хувьцаа эзэмшигчид байдаг болохоор мөнгө гадагшаа урсаж байна гэхэд болно. Бодит байдал ийм байхад “Силикон хөндий”-гийн тухай ярих нь цагаа олсон, бүр цаг алдаж байгаа хэрэг ч байж болох юм.
http://biznetwork.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш