УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулжээ. Эдгээр 12 компаниас иргэдээс санал авч эцсийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах бөгөөд санал авах ажиллагааг 01 сарын 11-ний өдөр /Бямба гараг/ 09-19 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү санал хураалтад дахин төлөвлөлтөд багтсан нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд оролцох бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.