logo
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийг дэмжлээ

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийг дэмжлээ

2014/01/08
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2014.01.07/ үдээс хойш хуралдаж, эхлээд “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийлээ.

Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо 2012 онд тус аймагт явагдсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүйн улмаас маргаан үүсч, холбогдох шатны шүүхийн шийдвэр гарсны үндсэн дээр тус аймгийн Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, Баяншанд багийн сонгуулийн тойрогт болон аймгийн хэмжээгээр хувь тэнцүүлэх хэлбэрээр 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дахин сонгууль явуулахаар шийдвэрлэжээ. Иймээс аймгийн сонгуулийн хороо дахин сонгууль явуулах зардлын хэмжээг 164 сая төгрөгөөр тооцож ирүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо хянаж үзээд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгуулийн улсын төсвөөс санхүүжих зардлын хэмжээг 32.4 сая төгрөгөөр тооцож, энэ тухай саналаа Байнгын хорооны хуралдаанд оруулж байгааг тэрээр танилцуулгадаа дурдав.

  Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн зарим нь нэгэнт холбогдох шатны шүүхийн шийдвэр гарсан, энэ дагуу аймгийн сонгуулийн хороо дахин сонгууль явуулахаар товлосон учраас энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол ихэнх нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдан ажиллаж байгаа ИТХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэн дахин сонгууль явуулахаар шүүхээс шийдвэрлэснээс үүдэж нэг жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан ИТХ нь эрх зүйн чадамжгүй болж, улмаар сонгуулийн өмнөх ИТХ-ын үйл ажиллагааг сэргээсэн нь эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгаа тул УИХ хууль бус шийдвэрийг баталгаажуулж болохгүй гэсэн байр суурьтай байв. Мөн зарим гишүүн сонгуулийн маргаан шүүхээр орж жил дамнан сунжирдаг явдлыг зогсоохын тулд хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай, энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо анхаарч сонгуулийн хуулийг шинэчлэх чиглэлээр саналаа бэлтгэж тавих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

  Ингээд гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг Сонгуулийн ерөнхий хороонд буцаахаар болов. Харин Говь-Алтай аймгийн сонгуулийн зарим хэсэгт явуулах дахин сонгуулийн улсын төсвөөс санхүүжих зардлыг өөрийн төсвөөс гаргах эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд олгох нь зүйтэй гэж үзэв. Тус хорооны дарга Ч.Содномцэрэн ч “2012 оны сонгуулиас хойш орон нутагт 7 удаагийн нөхөн сонгууль явагдахад зардлыг нь манай байгууллага өөрийн төсвөөс гаргасан. Хэрэв эрхийг нь олговол Говь-Алтай аймгийн дахин сонгуулийн зардлыг гаргах боломжтой” гэдгийг хэлсэн юм.

  Байнгын хороо дараа нь гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр төслүүд нь агуулгын хувьд ижил төстэй учраас төсөл санаачлагчдын саналаар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр шийдвэрлэж, төсөл санаачлагч гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар байнгын хорооны гишүүдэд тайлбар өгөв.

  Хуулийн нэгтгэсэн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 1/4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт “4.14. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглана” гэсэн хэсэг нэмэхээр тусгажээ. Харин гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар төслийн энэ хэсгээс “санал хураалт явуулахад” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлд “2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн “асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь” гэснийг “үг хэлэх, асуулт асуух саналыг гишүүдийн ирцэд бүртгүүлсэн дарааллыг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг “саналаа ирүүлсэн” гэснийг “ирцэд бүртгүүлсэн” гэж тус тус өөрчлөх”-өөр тусгасныг бүхэлд нь хасахаар дээр нэр дурдсан хоёр гишүүн зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан нь дэмжигдэв. Ингээд байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

  Мөн энэ өдрийн хуралдаанаар Ухаалаг төр рүү шилжих Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцээд дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш