logo
Хэн ч хариуцлагаас мултрах ёсгүй

Хэн ч хариуцлагаас мултрах ёсгүй

2014/01/10
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 01 сарын 09-ний өдөр болж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг Нийслэлийн цагдааийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батжаргал хийлээ.
 
“Нийслэлийн Цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн 10 цаг 34 минутад “ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас төмөр унаж автомашины жолооч нас барсан” гэж мэдээлэл ирснийг хүлээн авч мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Цогтсайхан, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямханд нарын удирдсан бүрэлдэхүүн, Нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллажээ.
 “Макс Өргөө” ХХК-ий захиалгаар баригдаж буй уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөдМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг “Тус барилгын угсралтын  ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон байна.
Гэтэл захиалагч “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх 13/08 дугаартай гэрээг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан байх тул “Мээж класс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон баривчилсан байна.
Барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүр дээр тухайн үед “Мээж класс” ХХК-ийн туслах ажилтан Ч.Цэнд-Аюуш, Т.Тулга, Т.Отгонбаяр нар ажиллаж байсан бөгөөд Ч.Цэнд-Аюуш нь 4 дүгээр давхраас дүүжинт өргүүр дээр цонхны 41 ширхэг рам ачаад дээшээ өгсөх үед өргөгчийн баруун талын хэсэг хазайж, өргөгчийг дээврээс бэхэлсэн 4 ширхэг сум төмрийн баруун захын 7 метрийн урттай сум төмрийн түгжээ /шипилк/  салж унасны улмаас уг осол гарсан болох нь хэргийн газрын үзлэг, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байна.
Барилгын гадна талын дүүжинт өргүүр нь барилгын гадна талын заслын ажил хийж байгаа ажилчид болон заслын ажлын багаж, заслын ажлын ачааг зөөх зориулалттай бөгөөд түүнийг сургалтанд сууж эрх авсан хүн ажиллуулах эрхтэй.  Гэтэл “Мээж класс” ХХК-ийн ашиглаж байсан уг дүүжинт өргүүрийг тусгай эрх бүхий хүн хариуцаж ажиллуулаагүй, мөн дүүжинт өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, ачаа тээвэрлэж ашиглаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байна.
       Тус барилгын угсралтын ажлыг түр зогсоосон байхад Улсын байцаагчийн актанд тусгагдсан зөрчлийг арилгаагүй байж, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн байхад Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын байцаагчийн гаргасан актын биелэлтэнд хяналт тавьсан байдал тогтоогдохгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.
 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 151-р тогтоолоор батлагдсан  ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-нд 16 давхраас дээш барих барилгын зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яам олгож, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хяналт тавина гэж заасан байдаг. Энэ тогтоолын дагуу дээрх барилгадБарилга, хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл олгож, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хяналт тавин ажиллаж байжээ.

 Харин нийслэлийн ИТХ-аарбатлагдсан“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг мөрдөж ажиллах зөвлөмжийг 2013 оны 10 сарын 30-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгын удирдлага, ажилтнуудад өгсөн байна.
 Хуралдааны үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам” хэрэгжсэнээр өнгөрсөн онтой харьцуулахад ослын тоо харьцангуй буурсан талаарх дүн мэдээг танилцуулсан юм.
 
2012 онд барилгын салбарт 56 үйлдвэрлэлийн осол гарч 29 хүн нас барж, 27 хүн хүнд, хөнгөн гэмтэж байсан бол 2013 онд 25 үйлдвэрлэлийн осол гарч 14 хүн нас барж, 11 хүн хүнд, хөнгөн бэртжээ. Цаашид дээрх журмын хэрэгжилтийг сайжруулвал ослын тоо эрс буурна гэж албаныхан мэдээллээ.
 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Засгийн газрын 2012 оны тогтоолын дагуу 16 давхраас дээш барилгын зөвшөөрөл, хяналтыг Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хариуцдаг болсон. Гэвч тэдгээр барилгууд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа учраас бид анхаарал хандуулах хэрэгтэй. Өмнө нь Тэнгис кино театрын урд талд баригдаж буй барилгаас мөн л төмөр унаж,  эрдэнэт хүний амь нас  эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тус барилгын зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон ч Засгийн газрын дээрх тогтоолоор Барилга, хот байгуулалтын яам зөвшөөрөл олгож, үргэлжлүүлэн баригдаж эхэлсэн. Сая осол гарсан энэ барилгад хуулийн мөн л яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хяналт тавих үүрэгтэй.Тиймээс хуулийн байгууллагад шилжсэн энэ хэрэгт холбогдох хүмүүс хяналт тавин  ажиллах хэрэгтэй. Хэн ч байсан хариуцлагаас мултрах учиргүй“ гэдгийг тодотгон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш