Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж,Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хариулт өглөө.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу хуульд шинээр нэмж байгаа “Зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглах”, “Зах зээлийн үнэ хөөрөгдөх”, “Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах” гэсэн 1662-1664 дүгээр зүйлүүдийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу 8.3 дахь хэсгийн “хүлээлгэж болно” гэснийг “хүлээлгэнэ” гэж өөрчлөх санал гаргасныг тус тус төсөлд тусгажээ.
Хуулийн төслүүдийн талаар гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх жуурмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж нар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийн 7, 8 дугаар зүйлээр зохицуулсан асуудлыг уг хуулиар зохицуулах шаардлагагүй, холбогдох бусад хууль, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулиар зохицуулсан тул хасах, мөн аймгийн төвөөс бусад алслагдсан суманд тасралтгүй 60 сар буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 2014 оноос эхлэн олгохоор төслийн 14 дүгээр зүйлийг өөрчлөх, тухайн харилцааг зохицуулсан холбогдох хууль батлагдах хүртэл цагдаагийн байгууллага, алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл журмыг энэ хуулиар түр зохицуулахтай холбогдсон зүйлийг төсөлд шинээр нэмж тусгах зэрэг саналуудыг гаргасан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, ар тал хангамжийн албанд цагдаа, цэргийн цолтойгоор ажиллаж байсан алба хаагчдад тэдгээрийн урьд авч байсан цалин хөлс, цолны болон бусад нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эдлэх давуу эрхийг үргэлжлүүлэн эдлүүлэх харин эдгээр албанд шинээр орох ажилтныг холбогдох хуульд заасны дагуу төрийн захиргааны албан тушаалд авахаар төслийн 5 дугаар зүйлийг өөрчлөх, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан өдрөөс нь, харин Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг тусгажээ.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцууллаа.
Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцоогүй, түүнчлэн нөхөн сонгогдсон гишүүн өөрийн оролцсон анхны өдрийн хуралдааны өмнө төрийн сүлдэндээ тангараг өргөх бөгөөд Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх эхэлнэ гэсэн өөрчлөлтийг гишүүд дэмжсэнгүй.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дээрх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн төсөл санаачлагчид буцаалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.