logo
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар Гадаад харилцааны яамны удирдлагуудтай уулзав

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар Гадаад харилцааны яамны удирдлагуудтай уулзав

2014/01/11
 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /АБГББХ/-ны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр /2014.01.10/ Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.

  Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болд товч мэдээлэл хийхдээ, 2013 онд Монгол Улс бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулсан жил байлаа. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан бүс нутагт энхтайванч үйл явцыг өргөжүүлэх Улаанбаатар яриа хэлэлцээ болон энэ санаачлагын хүрээнд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдсан гээд өнгөрсөн оны төгсгөлд болсон Эмэгтэй парламентчдын бүс нутгийн чуулга уулзалтыг тэрээр дурьдлаа.

   Мөн 2013 он Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон анхны жил байсан хийгээд энэ хүрээнд анх удаа Монголд сонгуулийн ажиглагчаар гадаадын 200 гаруй төлөөлөл ирж ажиллан Монгол Улс дахь ардчилал, ардчилсан сонгуулийн тогтолцоог дэлхий нийтэд таниулж чадсаныг цохон тэмдэглэж байв.

   Гадаад харилцааны сайд цаашдаа Бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/ болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /АСЕАН/-ийн түнш болох асуудал, Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтын оролцогч болох томоохон ажлуудыг хамтран зохион байгуулахаар ажиллах шаардлагатай байгаа, тиймээс 2014 онд биднийг ажлын их ачаалалхүлээж байгаа гэж байв.

   Тэрээр цааш нь манай салбарын хувьд анхаарах олон асуудал байгаагийн дотор яамны бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн хөгжлийн асуудал чухал байна гэв. Учир нь, нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх механизмыг бий болгоходяамны бүтцэд томоохон өөрчлөлт оруулж байж, өмнө нь гадаад яамыг протоколын алба шиг ойлгодог сэтгэлгээг өөрчилнө гэсэн юм. Тухайлбал, өнөөдөр аймаг, сум, багаас эхлүүлээд төрийн өмчит болон бүх шатны төрийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэдээлэл тус яаман дээр цугларч,нэгдсэн чиглэл авч, дүн шинжилгээ хийгддэг болсноос эхлүүлээд Монгол Улсын дипломатч гэдэг албыг хашиж, үүрэг хүлээж яваа мэргэжлийн төрийн албан хаагчдыг сургадаг монголын гэсэн сургалтын тогтолцоотой болох, үндсэн сургалт гадаадад байж болох ч жинхэнэ үндэсний дипломат бэлтгэх сургалт өөрийноронд хийгддэг байх зэрэг ирэх онд эхлэлийг нь зайлшгүй тавих ажлууд байгаа ажээ.

   Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн жил гадаадын улс орнуудад байгаа Элчин сайдын яамдын асуудлаар судалгаа хийж, яамдаа эрэмбэлсэн байна. Яамдыг маш үр дүнтэй, цомхон бүтцээр ажиллуулж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах бодлогыг хэрэгжүүлэх, дипломат ажилтны цалин хангамжийг шийдсэнээр хаана ч гэсэн Монгол Улсаа төлөөлөхөд нүүр улайхааргүй ажиллах бололцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны хувьд тулгамдсан асуудлыг зөв эрэмбэлэх бодлого баримтлан урьд нь дарга нарт эн түрүүнд үйлчилдэг байсан хандлагыг өөрчлөн иргэдийнхээ асуудлыг нэгд тавих бодлого баримталж, үүнтэй дипломат байгууллагын байршил үйл ажиллагааг уялдуулан ажиллах зорилтууд дэвшүүлжээ.

   Түүнчлэн ирэх онуудад олон улсын томоохон арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөс Далайд гарцгүй орнуудын хурал, 2015 онд болох Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/-ын Парламентын ассамблей, 2016 онд болох Дэлхийн эдийн засгийн Зүүн Азийн форумыг амжилттай зохион байгуулахын төлөө ажиллаж байгаа талаараа Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээлэл хүргэлээ.

   Дараа нь УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар үг хэлж, шинэ оны босгон дээр гадаад харилцааны яамны удирдлагууд, Монгол Улсыг гадаад улстай холбох, дэлхийд таниулах нүүр царай болсон дипломат ажилтан та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна гээд УИХ-ын АБГББХ-ноос тус яамтай хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тодруулан ярьсан юм. Тэрээр хэлэхдээ, АБГББХ бол та бүхний үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, УИХ-д бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах бодлогын байгууллага гээд ГХЯ-тай бүх талаар хамтран дэмжиж ажиллах зорилтыг тавьж байгаа болон 2014 оны ажлын төлөвлөгөөг баталж боловсруулахдаа тэдний саналыг тусгасанаа тодотгон хэлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш