БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр аймаг, орон нутгийн засаг дарга нартай уулзаж өнгөрсөн жилд хийсэн бүтээснээ дүгнэж, үйл ажиллагааны цаашдын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулж, хэрхэн хамтран ажиллахаа зөвлөлдсөн юм.
Л.Гантөмөр сайд өнгөрсөн 2013 онд нэг ч хүүхдийг орхилгүйгээр сургаж, хөгжүүлэх чиглэлээр боловсролд шинэчлэл хийх бодлого, зорилтыг тодорхойлон хэрэгжилтийг эхлүүлж багагүй ажил хийснээс уулзалтын эхэнд онцлов.
Энэ үеэр боловсролын салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн Засаг дарга нарын санал санаачилга, ажилд хандах хандлага, иргэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг тодотгоод “Боловсролын газарт буй боловсролын салбарын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэнг тухайн салбарт нь тогтвортой ажиллуулах, орон нутгийн төрийн сантай нь ажлын уялдаа холбоог сайжруулах, энэ онд үүсч болох санхүүгийн хүндрэлийг урьдчилан харах, орон нутгийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөлт гүйцэтгэлийг хариуцах хүнтэй болох, орон нутагт эрх шилжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийн зардлын эх үүсвэрийг Засаг даргын нөөц хөрөнгө эсвэл орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлдэг байх” гэх мэтчилэн санал тавьж энэ тал дээр нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа хэллээ.
Мөн Засаг дарга нарт хандаж “Аливаа сайн зүйл ихээхэн хүч хөдөлмөр, оюун ухаан, хөрөнгө зарцуулснаар бий болдог билээ.“Ном”, “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд Засаг дарга бүр дэмжлэг туслалцаа үзүүлж, орон нутгийн төсвөөс нийт дүнгээр “Ном” хөтөлбөрт 388.1 сая, “Авьяас” хөтөлбөрт зориулж 1.3 тэрбум төгрөг зарцуулсанд талархаад ирэх онд илүү сайн дэмжиж өгөхийг хүслээ.
БШУЯ-наас өнгөрсөн онд боловсролыг хөгжүүлэхийн төлөө санал, санаачилга гаргаж боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гурван Засаг даргыг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгаруулжээ. Тодруулбал, нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа, Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт нар “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар тодорлоо.
Э.Бат-Үүлийг сургууль, цэцэрлэгийн байршил, хүн амын нягтаршил, огт сургууль, цэцэрлэггүй хороодын судалгаанд үндэслэн 89 байршилд цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор барьж, боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд нь ойртуулж хүртээмж, чанарыг нь сайжруулах бодлого санаачлан боловсруулсан, түүнчлэн 16 цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор болон 3 сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг орон нутгийн хөрөнгөөр барихаар 43.4 тэрбумтөгрөгийг НИТХ-аараа шийдвэрлүүлсэн, холоос сургуульдаа явж буй 2000 гаруй хүүхдэд автобусны үйлчилгээ бий болгож, сургуулиудыг хүүхдийн автобустай болгоход 900.0 сая төгрөг зарсан, сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэж багш нарыг 484.0 сая төгрөг урамшуулсан ажлаар нь шалгаруулжээ.
Б.Бадраа хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчныг бүрдүүлэх, мэргэжлийн багшийн хангалтыг нэмэгдүүлэх, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд 2013 онд нийт 4,8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулсан учраас энэ шалгаруулалтад багтаж багтаж байгаа юм.
Харин Г.Зоригт цэцэрлэгийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагын нийт 700 хүүхдийн хүчин чадалтай 3 цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэж,503 сая төгрөгийг аймаг орон нутгаас гаргаж, засвар, тавилга төхөөрөмж нийлүүлсэнучраас Боловсролд ээлтэй Засаг даргаар шалгаруулжээ.
Эдгээр аймгуудад БШУЯ-аас тус бүр сургалтын 5 лаборатори нийлүүлэх эрхийн бичиг олголоо.