АРХИНЫ ТАЛААР ҮР ДҮНТЭЙ ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОВСРУУЛАХ НЬ
Дэлхий нийтийн хэмжээнд архи нь өвчлөл, гэмтлийн гуравны нэгтэй тэнцэх томоохон хүчин зүйл болоод байна. Зам тээврийн осол, хүнд ноцтой гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл нь архитай салшгүй холбоотой. Архины хэрэглээнээс үүдэн гарах хор уршгийг багасгахад хамгийн үр дүнтэй, эдийн засгийн үр ашигтай бодлого нь архинд хяналт тавих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явдал юм. 2010 онд хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас Архины хор уршгийг багасгах дэлхий нийтийн стратегийг баталсан юм. Энэхүү баримт бичгийн хүрээнд улс орнуудыг архины хяналтын хуулиа боловсруулах зөвлөмж өгдөг. Архины үр дүнтэй бодлого нь сайн хууль тогтоомжоос гадна үр дүнтэй хэрэгжилтийг шаарддаг юм. Бусад улс орнуудад хэрэгждэг дараах сайн туршлагууд байдаг байна.
- Архи худалдан авахад зөвшөөрөгдөх насны доод хязгаарыг тогтоох
- Жижиглэн худалдаан дахь төрийн онцгой эрх
- Архи худалдах өдөр, цагт хязгаарлалт хийх
- Худалдааны цэгүүдийн нягтралд хязгаарлалт хийх
- Өндөр градустай архийг тусгай дэлгүүрээр худалдаалах
- Архины татварыг нэмэгдүүлэх
- Бүх төрлийн зар сурталчилгааг хориглох
- Цусан дахь архины хэмжээний хязгаарыг багасгах зэрэг болно.
Архины хяналтын хууль нь бүх нийтийн эрүүл мэндийн төлөө гэсэн үндсэн зорилготой байдаг. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн гишүүн орнууддаа зориулсан зөвлөмжид “Архины хортой хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэнд ба нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах” гэж заасан нь үндэсний хууль тогтоомжинд тохирох, бүх нийтэд хамаарах зорилго юм.
Архины хяналтын тухай хуулиар Их Британид бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахыг чухалчилсан бол Австралид хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг бууруулахад, Скандинавийн орнуудад хэрэглээг бууруулах чиглэл барьж байна. Франц улс нэг хүнд ногдох архины хэрэглээг 20% бууруулах зорилт тавьжээ. Архинд хяналт тавих бодлогыг зарим нь өрсөлдөөний бодлого буюу зах зээлд нэвтрэх зарчмыг зөрчдөг гэсэн шүүмжлэл гардаг. Дэлхийн худалдааны байгууллагын худалдааны гэрээнүүд нь хүний эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд хамаарахгүй гэж заасан байдаг. Шведийн архийг хязгаарлах зар сурталчилгааны бодлого нь зах зээлд нэвтрэх боломжид саад болсон гэсэн шүүмжлэлд өртсөн боловч Европийн шүүхээс энэ нь нийгмийн эрүүл мэндийн зорилгод чиглэсэн арга хэмжээ гэж дэмжсэн байна.
Согтууруулах ундаа худалдан авах чадварыг бууруулах бодлого
Архины үнэ нь түүний хэрэглээний түвшинд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл, хямд үнэ нь илүү их хэрэглээг, үүний дотор архи хэрэглэх тохиолдол бүрт хэт архидалт мөн насанд хүрээгүйчүүдийн архидалтыг өөгшүүлдэг. Үнэ өсөхөд архины хэрэглээ дагаад буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Залуучууд болон архаг архичид архины үнэнд маш мэдрэмтгий ханддаг аж. Иймд хуульд согтууруулах ундааны худалдан авах чадварыг бууруулах заалтыг дараах байдлаар оруулах зөвлөмж өгдөг.
- Согтууруулах ундааны үнэд нөлөөлөх архины татвар оногдуулалт
- Архины татвараас бүрдэх тусгай зориулалтын сан
- Архины доод үнэ тогтоох зэрэг болно.
Засгийн газрууд архины онцгой татварыг архитай холбоотой хор уршгийг бууруулах хэрэгсэл болгон ашигладаг. Татварын зорилгоор үйлдвэрлэгчид болон импортлогчдыг бүртгэх бөгөөд архины онцгой татварыг бөөний худалдааны шатанд оногдуулдаг. Үйлдвэрлэл ба импортын түвшин дэх хяналт шалгалт нь хууль бус, хориотой буюу хулгайгаар хил давуулах үйлдлийг зогсооход чухал ач холбогдолтой. Архи нэрэлтийн осолтой арга хэрэглэснээр этилийн спиртийн оронд санамсаргүйгээр маш их хортой метилийн архи үйлдвэрлэж болзошгүй байдаг. Олон оронд архи, тамхины тусгай татвараас бүрддэг тусгай зориулалтын сангийн хөрөнгийг Эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд зарцуулдаг байна.
Тусгай зориулалтын сангийн талаар хуульд тусгах санал
- Архидан согтуурахтай тэмцэх сан, Эрүүл мэндийг дэмжих сан гэж нэрлэнэ.
- Сан нь бүх импортлогчид, үйлдвэрлэгчдэд оногдуулдаг татварын орлогоос бүрдэх болно.
- Татварын хэмжээ жил бүр хуулийн дагуу тогтоогдоно.
- Доорх зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тус сан ЭМЯ болон ХЗЯ-д харьяалагдана.
- Тус сан архины хэрэглээтэй холбоотой хор уршгийг бууруулах зорилгоор дараах ажлыг хэрэгжүүлнэ
А. Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, архины хэт хэрэглээг бууруулах хөтөлбөр
Б. Онцгой татвар бүрдүүлэх, хянаж шалгах, хэрэгжүүлэх ажил
В. Архины хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах
Архины доод үнийг тогтоох
Архаг архичид болон залуу хүмүүс хямд үнэтэй архийг эрж хайдаг нь батлагдсан юм. Тэгэхээр архины доод үнийг нэмэгдүүлэх нь архитай холбоотой хор уршгийг бууруулах үр дүнтэй арга юм. Канадад архины суурь үнийг тогтоосон байдаг. Супермаркетийн сүлжээ зэрэг томоохон жижиглэнгийн худалдаачид архийг их хэмжээгээр бөөний үнээр худалдан авч, худалдан авагчдыг татах зорилгоор маш хямд үнээр зарах боломж байдаг. Үүнийг “алдагдлын лидер” гэж нэрлэдэг бөгөөд бөөний үнээс доогуур жижиглэнгийн үнийг бий болгодог. Архины доод үнийг тогтоох болон жижиглэнгийн дэлгүүрт хямдрал зарлахыг хориглох загвар олон оронд хэрэгжиж байна. Үнэ 10 хувиар нэмэгдэхэд хүмүүс уух архины хэмжээгээ 10 хувиас багагүй хэмжээгээр багасгах хандлагатай байдаг.
Архийг олж хэрэглэх хялбар боломжоос урьдчилан сэргийлэх нь архитай холбоотой хор уршгийг багасгахад ихээхэн үр нөлөөтэй. Улс орон, бүс нутагт архины цэгүүдийн нягтрал өндөр байх тусам хэв журмын зөрчил, гэмт хэрэг гарах нь их байдаг.
Архины жижиглэнгийн цэгийг цөөрүүлэхийн тулд архины борлуулалтын цэгүүдийг төр эзэмших эсвэл архины цэгүүдийн тоонд хязгаарлалт хийх гэсэн хоёр аргыг улс орнууд ашиглаж байна. Дэлхийн олон оронд, тухайлбал, АНУ-ын зарим муж, Канад, Скандиновын ихэнх улс орнуудад төр архины цэгүүдийг өөрийн мэдэлд авч, их хэмжээний архины борлуулалтыг хяналтандаа байлгадаг.
Онцгой эрхтэй дэлгүүр бүр улсын хэмжээнд архийг ижил үнээр худалдаалдаг. Дээрх улс орнуудын туршлагаас харахад, хязгаарлагдсан цэгүүдээр архийг борлуулах нь архины хяналтын талаарх хууль журмыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавих, хуурамч архитай тэмцэхэд цагдаагийн байгууллагад ихээхэн дөхөм болдог. Архины цэгийн байршлын хамгийн хатуу хязгаарлалт Скандиновын орнууд болон Канадад үйлчилдэг.
Хязгаарлалтыг төлөвлөх нь
Үндэсний хэмжээний хууль тогтоомжид хүн амын тооны хязгаар болон бүсийн ангиллыг тусгаж өгдөг. Орон нутаг нь дээрх хуулийн хүрээнд байршлаа тогтооно. Ихэнх орны хуулиар сургууль, эмнэлэг, болон бишрэл хүндэтгэлийн газрын хажууд лиценз олгодоггүй. Зарим оронд орон сууцны хороололд иргэдийн ая тухтай байдлыг харгалзан лиценз олгодоггүй.
Архины хяналтын тухай хуульд архи борлуулах, архиар үйлчлэх цэгүүдэд хориглох заалтуудыг тодорхой заасан байдаг. Тухайлбал, лицензгүй газар борлуулах, зөвшөөрөгдсөн цагаас бусад цагт зарах, насанд хүрээгүй хүнд болон согтуу хүнд худалдаалах ба үйлчлэх гэхчлэн. Мөн архи худалдан авсан хүүхэд болон хүүхэд архи худалдаж авахад оролцсон насанд хүрэгчдэд хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна.
Олон нийтийн оролцоо ба эсэргүүцэл
Сүүлийн үеийн хууль тогтоомжийн хандлага нь олон нийтийн оролцоог янз бүрийн аргаар нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Канад, Шинэ Зэланд зэрэг орнуудад согтууруулах ундаа борлуулах лиценз олгохоос өмнө тухайн нутаг дэвсгэрт амьдардаг оршин суугчдын саналыг авдаг. Оршин суугчдын ихэнх нь эсэргүүцэж байвал лиценз олгогдохгүй.
Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын хөрш зэргэлдээ газрын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар иргэн орон нутгийн захиргаанд гомдол гаргаж болно.
- Тухайн байгууллагын бизнесийн арга барил
- Тухайн байгууллагаас явсны дараа хүмүүсийн биеэ авч явах байдал
- Энэ гомдол нь бичгээр хийгдсэн байх ба албан ёсоор баталгаажсан байна.
- Зөвхөн доорх иргэд гомдол гаргана:
- Тухайн байгууллагын хөрш зэргэлдээ амьдардаг гурав ба түүнээс дээш тооны иргэн бичгээр тодорхойлсон гомдол
- Цагдаагийн бүрэн эрхт төлөөлөгч
- Орон нутгийн зохих эрх бүхий байгууллагын тодорхойлолттой иргэн
- Санхүүгийн болон бусад ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн
- Шинэ Зеландийн хуулинд гомдлыг зөвхөн бичгээр хүлээж авах бөгөөд дүүргийн лицензийн алба 10 хоногийн дотор шийдвэрлэдэг.
Сертификат олгох сургалт
Хэд хэдэн орны хууль тогтоомжид лиценз эзэмшигч буюу менежерүүд нь хуулийн болон үйлчилгээний хариуцлагын зохих сургалтад хамрагдах шаардлага тавьдаг.
Хяналт шалгалт
Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, арга хэмжээ тооцож болох хэрэг зөрчил:
- Онцгой албан татвар төлөгдсөн нь батлагдаагүй архи худалдаалах
- Насанд хүрээгүй хүнд архи худалдах, үйлчлэх
- Насанд хүрсэн хүн хүүхдэд архи авч өгөх
- Зөвшөөрөгдсөн өдөр, цагаас гадуур архи худалдах
- Согтуу хүнд архи худалдах, үйлчлэх
- Архины зах зээл дэх бусад хязгаарлалтууд
Архи худалдахыг зөвшөөрсөн өдөр, цаг
Зөвшөөрөгдсөн цаг урт байх нь зам тээврийн осол, эмх замбараагүй байдал, хүчирхийллийг нэмэгдүүлдэг. Хуулиар зөвшөөрөгдөх цагийг тогтоосноор бүх нийтээр тодорхой цагт хаагддаг болж хэвшихэд илүү дөхөм байдаг. Архи худалддаг ба архиар үйлчилдэг цагууд нь ялгаатай байх бөгөөд зочид буудлуудын хувьд мөн өөрөөр тогтоож болох юм.
Австралийн зарим мужуудад үйлчилгээний газруудын хаах цагийг 24.00 буюу 00.00 гэж тогтоосон ба уртасгасан цагаар ажиллах эрхийг тусгай зөвшөөрлөөр олгодог. Зарим оронд архи худалддаг тусгай цэгүүд амралтын өдрүүдэд 11.30-19.30, бусад өдөрт 21.00 хүртэл ажиллана. Сүүлийн үед ихэнх улс орнуудад бүх ресторан, бар даваагаас пүрэв гаригт 22.00 цаг хүртэл, баасан, бямбад 00.00 цаг хүртэл ажиллаад, ням гарагт амардаг болжээ. Шинэ Зеландад хаах цаг ялгаатай байсан бөгөөд энэ нь нэгээс нөгөөд шилжин, цэнгээний газар дамжсан архидалтыг бий болгосон гэж үзсэн байна.
Залуу хүмүүс согтууруулах ундааг байнга хэрэглэх нь тэднийг ахимаг насандаа архаг архидалтад илүү өртдөгийг харуулж байна. Насанд хүрээгүй өсвөр насныхан насанд хүрсэн хүнийг бодвол ижил хэмжээний архинаас илүү хор амсдаг. Хуулиар доод насыг тогтоосноор насанд хүрээгүй хүнд архи худалдсан тохиолдолд архи худалдаалах лицензээ бүрэн алдах, цагдаа, шүүхээр арга хэмжээ авахуулах нөхцөлийг бүрдүүлж чадна. Мөн насанд хүрээгүй хүн хуурамч бичиг баримтаар архи худалдаж авах нь хэрэг зөрчилд тооцогдоно.
Залуу хүмүүсийн дундах архитай холбоотой хор уршгийг багасгахын тулд архи худалдан авах насыг нэлээд өндөр тогтоох нь зүйтэй гэж үздэг байна. Зарим орны хуулиар баар болон дэлгүүрийг насанд хүрээгүй хүнд үйлчлэхдээ тэдний насыг шалгаж буй эсэхийг нягтлах сорилтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ сорилтоор насанд хүрээгүй хүн бичиг баримтгүйгээр архи худалдан авах оролдлого хийдэг.
Хуулинд санал болгох заалтууд:
- 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглоно.
- 25-аас доош насны харагдах аливаа иргэнээс насыг гэрчлэх бичиг баримтыг шаардаж, шалгасан байвал зохино.
- Нас гэрчлэх баримт бичиг нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байж болно.
- Аливаа иргэн 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа авч өгч болохгүй.
- Аливаа насанд хүрээгүй хүн хуурамч буюу өөр хүний бичиг баримт үзүүлж болохгүй.
Хяналт мониторинг ба хуулийн хэрэгжилт
Зарим оронд хууль хэдийгээр батлагдсан ч түүнийг амьдралд хэрэгжүүлдэггүй нь нийтлэг үзэгдэл болоод байна. Нэгэнт батлагдан гарсан хуулийг амьдралд бүрэн хэрэгжүүлснээр архитай холбоотой хор уршгийг үлэмж хэмжээгээр бууруулж болохыг олон орны туршлага харуулдаг. Лиценз зөвшөөрөл олгосноор архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх эрх олгож байгаа учир зөрчил гаргасан тохиолдолд зөвшөөрлийг түр хураах, цуцлах арга хэмжээ авч байх нь стандартыг сахиулахад илүү тохиромжтой байдаг. Гэнэтийн хяналт шалгалт хийх шаардлагатай бөгөөд дэлгүүр хаах цагт гэнэтийн үзлэг шалгалт хийх, насанд хүрээгүй хүнээр сорилтын худалдан авалт хийлгэх зэрэг нь үр дүнтэй байдаг. Хяналтын үр дүнд лицензийг түр хураасан талаар олон нийтэд мэдээлэх нь ийм үйл ажиллагаа эрхэлж буй бусад байгууллагууд хуулийг дагаж мөрдөхөд тустай юм.
Ихэнх орны хуульд хяналт шалгалтыг хангах лицензийн байцаагчийг ХЗЯ болон орон нутгийн засаг захиргаанд ажиллуулахаар заасан байдаг. Тухайн байцаагч нь лиценз авах, сунгах өргөдлийг хүлээн авах, цагдаагийн ажилтны нэг адил лицензтэй аж ахуйн нэгжид хяналт шалгалт мониторинг хийх эрхтэй. Хуулинд лицензийг сунгах, түр хураах, түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхийг хэн эдлэх тухай тодорхой дурдсан байх нь зүйтэй.
Согтууруулах ундааг сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого
Орчин үеийн маркетинг сурталчилгаа болон шинэ технологи болох интернет гар утас, сошиал медиа зэрэг нь согтууруулах ундааны сурталчилгааг өмнө байгаагүй түвшинд хүргэж байна. Дэлхий даяар согтууруулах ундаа үйлдвэрлэгчид маркетинг сурталчилгаандаа зарцуулах асар их хөрөнгөтэй байна.
Тулгамдаж буй асуудлуудын нэг хэсэг нь залуучууд болон эмэгтэйчүүд согтууруулах ундааг илүү өргөн хэрэглэх болсон явдал юм. Согтууруулах ундааны зар сурталчилгааны тэн хагас нь өнөөдөр ивээн тэтгэх, санхүүжүүлэх, шууд урамшуулал үзүүлэх гэх мэт сурталчилгааны бус маркетингийн бусад хэлбэрээр зарцуулагдаж байна. Олон улс оронд биеийн тамирын арга хэмжээг санхүүжүүлэх, ивээн тэтгэх явдал нэлээд түгээмэл болсон учраас зарим согтууруулах ундааны барааны тэмдэг, брендийг амралт, чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээтэй нягт уялдаатай ойлгох болжээ.
Согтууруулах ундаа анхлан хэрэглэж байгаа залуусын дунд сурталчилгаа илүү нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Бага насны болон өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундааны сурталчилгаанд илүү дурлаж татагддаг төдийгүй архины талаар илүү эерэг бодолтой, найз нөхөд нь архийг өөрөөс нь илүү тогтмол хэрэглэдэг гэж боддог байна. АНУ-ын судалгаагаар согтууруулах ундааг тв, радио, сэтгүүлээр сурталчлахад хүүхэд залуучууд тухайн сурталчилгааны нөлөөлөлд автаж, насанд хүрэгчдээс илүү их хэмжээгээр түгээмэл хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Иймд олон улсын худалдааны дүрэмд согтууруулах ундааны сурталчилгааг хориглосон хууль тогтоомж гаргахыг зөвшөөрдөг. Согтууруулах ундааны сурталчилгаанд хориг тавихдаа орчин үеийн дэвшилтэт технологийн ашиглалтын талаар тусгасан байвал зохино. Үндэсний хэмжээнд согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон зохицуулалт олон оронд нийтлэг байна. Хятад, Монгол, Виетнам зэрэг оронд зөөлөн градустай согтууруулах ундааг сурталчлахыг зөвшөөрснөөр пивоны хэрэглээ эдгээр орнуудад эрс нэмэгдэж байна. Гэвч Австрали, Шинэ Зеланд зэрэг хөгжилтэй орнуудад согтууруулах ундаатай холбоотой гарч буй хор уршгийн гол эх сурвалж нь пиво байсаар байна. Сүүлийн үед хөгжингүй орнуудад архины хяналтын хууль тогтоомжид согтууруулах ундааны бүх төрлийн зар сурталчилгааг хориглох хандлага хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Л.Эрдэнэчимэг