logo
Алан хядагчийг зогсоосон 14  настай хүү амь эрсэджээ

Алан хядагчийг зогсоосон 14 настай хүү амь эрсэджээ

2014/01/13

Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф амиа золиослогчийг зогсоосон 14 настай хүүд эр зоригийн одон нөхөн олгох санал гаргалаа. Тодруулбал 9-р ангийн сурагч Аитазаз Хассан Бангаш амь биеэ үл хайрлан сургуулийнхаа олон зуун сурагчийг аварчээ. Хайбер Пахтунхва мужийн Хангу хотод амьдардаг тэрээр даваа гарагт сургууль руугаа явж байхад нь сургуулийн дүрэмт хувцас өмссөн алан хядагч түүнээс сургууль хаана байдгийг асуусан байна. Энэ талаар түүний үеэл Мусадик Али Бангаш CNN-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Хамт явж байсан тэдэнд үл таних хүн сэжигтэй санагдсан гэнэ.

Бусад сурагчид ухарсан ч Аитазаз тэсрэх бөмбөгтэй этгээдийг барихаар ноцолдсон бөгөөд энэ үеэр амиа золиослогч сандрахдаа бөмбөгөө тэсэлсэн гэж Мусадик тайлбарласан байна. Харин өөр нэг гэрч Ражаб Али "Аитазаз сургууль руу орох гэж байсан хүн рүү том чулуу шидэхийг харсан. Аитазаз түүнийг барьж авах үед дэлбэрэлт болсон" хэмээн ярьжээ. Аитазаз болон тэсрэх бөмбөгтэй этгээд газар дээрээ амь эрсэдсэн бөгөөд бусад хоёр хүн шархадсан байна. Хангу хотын цагдаагийн офицер Ифтихар Ахмед болсон үйл явдлын талаарх мэдээллийг баталжээ. Орон нутгийн удирдлагууд Аитазазын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно гэж мэдэгдээд байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш