logo
Тайландад жагсагчид руу гал нээжээ

Тайландад жагсагчид руу гал нээжээ

2014/01/13

Тайландын нийслэл Бангкок хотод засгийн газрыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд рүү үл мэдэгдэх зэвсэгтэй этгээдүүд гал нээсний улмаас долоон хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд энэ үйл явдлаас нэг өдрийн өмнө сөргөлдөгч талууд мөргөлдөх үеэр зургаан хүн гэмтсэн байна. Тайландын сөрөг хүчнийхэн ерөнхий сайд Йинглак Чиннаватыг засгийн эрхнээс буулгах зорилгоор өнгөрсөн 11-р сараас хойш жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Тэд ирэх сард явуулахаар товлосон парламентын сонгуульд саад учруулахаар зорьж байна.

Гэхдээ сонгуульд Йинглакийн Пхыа Тхаи нам ялалт байгуулах магадлал өндөр байгаа ажээ. Учир нь Бангкокт болж байгаа жагсаалд ерөнхий сайдыг эсэргүүцэгчид оролцож байгаа ч хөдөө орон нутагт түүний нэр хүнд өндөр байдаг байна. Жагсагчид Йинглакийн тэргүүлдэг засгийн газрыг түүний ах, ерөнхий сайд асан Таксин Чиннават удирдаж байна гэж үзэж байгаа аж. 2006 онд цэргийн эргэлт гарч, Таксинийг төрийн эрхнээс хүчээр буулгаснаас хойш Тайландад ихээхэн хагарал үүсээд байсан юм. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш