Сар шинийн баярын өдрүүдээр гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс гэр хорооллын гудамж замуудад шинээр гарц гаргаж, боломжтой замуудыг өргөсгөж, тэгшлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаа гулгааг арилгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Замын цагдаагийн газрын мэдээллээр, сар шинийн баярын өдрүүдэд Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Хувьсгалчдын гудамж, Баянхошуу, Хайлааст, Долоон Буудал, Гандангийн гудамж, замуудад түгжрэл ихээхэн үүсдэг байна. Эдгээр газруудад тээврийн хэрэгсэлд зориулсан замын зорчих хэсэг нь эвдэрсэнээс автомашинуудын хөдөлгөөн удааширч замын хажуу талаар явах урсгал сөрөх нөхцөл бий болдог.
Тиймээс эвдрэл ихтэй замыг шар шороогоор дүүргэх, эсвэл хүйтний улиралд хийх боломжтой асьфалтан нөхөөс тавих, зарим замуудын голоор тусгаарлах хаалт хийж шаардлагатай гэж үзжээ. Одгоогоор Зурагтын эцсээс Дэнжийн мянгын асфальт бетон замыг холбосон 500 метр шороон зам шинээр тавьж эхэлсэн төдийгүй Баянхошууны Хөтлийн зам, 3, 4 дүгээр хорооллын эдвэрсэн замыг шороогоор дүүргэж тэгшээд байна.
Мөн Нэгдүгээр хорооллын 34-р байрнаас Хангай захын уулзвар руу ордог замын нарийссан хэсгийг өргөсгөж Хангай захын баруун урд талын гэрлэн дохионы зохицуулалтыг өөрчлөх, Гандангийн гудамжаас Гэсэр сүмийн уулзвар руу орох замын халтиргааг арилгаж, замыг тэгшлэх зэрэг ажлуудыг хийх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.