2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиож байгаа бөгөөд хоёр тал энэ оныг Монгол, Хятадын найрсаг солилцооны жил болгон зарлаж байгаатай холбогдуулан “Найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр”-т гарын үсэг зурав. Мөн хоёр талын сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариуллаа.
БНХАУ-д хийж буй айлчлалынхаа эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсын Олон улс судлалын хүрээлэнд зочилж, Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний талаар “Хамтын хүчээр энх тайван, ирээдүйн төлөө” сэдэвт илтгэл тавьсан юм. Илтгэлтэй холбогдуулан тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид асуулт тавьж, санал, байр сууриа солилцов.
Мөн өдрийнхөө орой Гадаад харилцааны сайд Л.Болд Хятадын төв телевиз CCTV-гийн сэтгүүлчид ярилцлага өгч, Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн асуудал болон хоёр орны харилцааны талаар сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонтой уулзаж ярилцав.