logo
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын  хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина

2014/01/20

Бизнесийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Энэ зорилтоо биелүүлэхэд түлхэц өгөх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэйуялдуулан өөрчлөхшаардлага бий. 1998 онд анх баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар борлуулалтын орлого нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татвар төлөхөөр  тогтоож, өнөөг хүртэл өөрчлөлгүй мөрдөж ирсэн юм. Шинээр боловсруулсан хуулийн төсөлд НӨАТ-ын босго хэмжээг 50 сая, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг 10 сая болгон өөрчилжээ. Босгыг ийнхүү өндөрсгөснөөр татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь НӨАТ-ын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөнө.

Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 2013 оны жилийн эцэст нийт НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өссөн. 2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн байна.

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжээс төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох өөрчлөлт оруулжээ. Гэхдээ энэ нь уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хамааралтай хөнгөлөлт юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш