Бразилын Рио Де Жанейро хотод байдаг Аврагч Христийн хөшөөг аянга ниргэжээ. Албаныхны хэлснээр өнгөрсөн пүрэв гарагийн шөнө дуу цахилгаантай ширүүн бороо орох үеэр Корковаду уулын оройд орших, 38 метр өндөртэй уг хөшөөний баруун гарын эрхий хурууны хэсэг аянгад өртсөн байна. Гэхдээ сэргээн засварлах ажлыг ойрын хугацаанд хийхээр болсон талаар Бразилын телевизүүд мэдээлжээ. Алдарт Аврагч Христийн хөшөөг үзэхээр жилд ойролцоогоор 2 сая хүн Рио Де Жанейрод очдог бөгөөд 2010 онд хөшөөг сэргээн засварлах ажилд 4 сая ам.доллар зарцуулсан байна. Бразилын Сансрын Судалгааны Институтиэс мэдээлснээр Христийн хөшөө жилд 3-5 удаа аянганд өртдөг ажээ. 80 гаруй жилийн түүхтэй энэ хөшөө арт-деко төрөлд хамаарах хамгийн том бүтээлд тооцогддог юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/