logo
Тагнуулууд таны компьютерт ч нэвтэрсэн байж болзошгүй

Тагнуулууд таны компьютерт ч нэвтэрсэн байж болзошгүй

2014/01/21

Өнгөрсөн долоо хоногт америкчуудыг төдийгүй дэлхий нийтийг шуугиулсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагтай холбоотой бас нэгэн дуулианыг "New York Times" сонин олон нийтийн дунд дэгдээлээ. Олон улс орны интернэт хэрэглэгчдийн цахим шууданг тагнаж чагнасан хэргээс болж нэр хүнд нь унаад байгаа тус агентлаг ойролцоогоор дэлхийн 100 мянга гаруй байгууллага, хувь хүмүүсийн  компьютерт тагнуулын тусгай программ хангамж суулгасан байж болох талаар тус сонин мэдээлсэн байна.

Тухайн компьютеруудад нэвтрэх болон бусад мэдээлэлд хялбар нэвтрэх боломжийг олгодог тусгай програм хангамжийг нууцаар суурилуулсан байж болзошгүй хэмээн тус сонин дурьджээ. Цааш нь тус сонинд өгүүлэхдээ, АНУ-ын холбогдох албаныхан болон компьютерын мэргэжилтнүүдийн мэдээлснээр тусгай програм хангамжийг гол төлөв интернетээр дамжуулан суулгадаг хэдий ч, сүлжээнд холбогдоогүй компьютерууд руу нэвтрэх нууц технологийг ашигладаг гэжээ. 2008 оноос ашиглаж эхэлсэн уг технологи нь тухайн компьютерт нууцаар суулгасан USB карт болон хавтангуудын гаргадаг бичил цахилгаан хэлхээнүүдийн цацруулдаг радио долгион дээр суурилдаг ажээ.

Уг техник хангамжийг ихэвчлэн тагнуулчид болон тухайн компьютерыг үйлдвэрлэгчид суурилуулдаг байна. Радио давтамжийн технологи нь АНУ-ын тагнуулын албаныхны байнга тулгардаг байсан гол бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломжийг олгожээ. Аюулгүй байдлын албаныхан энэ технологийг гадны кибер халдлагаас хамгаалах хамгийн найдвартай арга гэж үздэг юм гэжээ.

Энэ технологи нь "Quantum" нэртэй программын хүрээнд ОХУ-ын цэрэг, Мексикийн цагдаа болон мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, Европын холбооны худалдааны байгууллагууд болон Саудын Араб, Энэтхэг болон Пакистан улсуудын сүлжээнүүдэд амжилттай суурилуулагдсан гэх мэдээ ч байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш