logo
Өмнөд Солонгосын 20 сая иргэний кредит картын мэдээлэл алдагджээ

Өмнөд Солонгосын 20 сая иргэний кредит картын мэдээлэл алдагджээ

2014/01/21
Өмнөд Солонгосын нийт иргэдийн бараг тал хувийнх нь кредит картын мэдээллийг хулгайлж, маркетингийн компаниудад худалдсан хэрэг гарлаа. Зээлд үнэлгээ тогтоодог "Korea Credit Bureau" компанид гэрээгээр ажилладаг компьютерийн мэргэжилтэн 20 сая хүний кредит картын мэдээлэл, нэр, нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар зэргийг хуулж авсан байна. Түүнийг баривчилсны дараа хэр "том" хулгай хийсэн нь ил болжээ. Цагдаа нар IT инженерээс гадна түүний хулгайлсан мэдээллийг худалдаж авсан гэх маркетингийн компаниудын менежерүүдийг ч мөн баривчлан саатуулжээ. "Korea Credit Bureau" компани Өмнөд Солонгосын кредит картын гурван том компанийн мэдээллийн санд нэвтэрдэг байсан учраас IT инженер их хэмжээний мэдээллийг зөөврийн хард руугаа хуулж авсан гэнэ. Өмнөд Солонгосын хууль сахиулагчид одоо мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд KB Kookmin Card, Lotte Card, болон NH Nonghyup Card компаниудын нууцлалыг сайжруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн мэдээллийн хулгайн хэргээс үүдсэн нөлөөг судлах багийг ч байгуулсан гэж BBC мэдээллээ. Нэр дурдсан 3 компанийн удирдлагууд мэдээлэл алдагдсан явдалд үйлчлүүлэгчдээсээ олон нийтийн өмнө уучлалт гуйжээ.  Тус улсын үндэсний санхүүгийн зохицуулах газар хулгайн хэргээс үүдэн хэрэглэгчдэд учирсан хохирлыг кредит картын компаниуд нөхөн төлөх болно гэж мэдэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш