logo
85-хан хүний хөрөнгө дэлхийн нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэж байна

85-хан хүний хөрөнгө дэлхийн нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэж байна

2014/01/22
Oxfam олон улсын байгууллагаас шинээр гаргасан Цөөнхийн Төлөө Ажиллахуй хэмээх тайланд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө бэл улам зузаарч, ядуучууд улам ядуурсаар байгааг онцолжээ. Тодруулбал өнөөгийн даяаршсан ертөнцөд амьдарч буй хамгийн баян 85 хүн дэлхийн нийт баялгийн 46 хувь буюу 110 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Хамгийн чинээлэг иргэдийн хэтэвч улам зузаарсаар байгаа нь авлигад идэгдсэн улс төрийн процессын дүнд сонгогдсон хууль тогтоогчид аль хэдийн хөлжсөн хүмүүсийг дэмжсэн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж байгаатай холбоотой гэдгийг Oxfam –ийн судлаачид онцлов.

Мөн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд баячууд улс төрийн нөлөөнөөс өөрсдийгөө амжилттай хамгаалаад зогсохгүй санхүүгийн зохицуулалт, татварын бодлого зэрэг олон асуудал дээр өөрсдөдөө ашигтай шийдвэрийг тэднээр гаргуулж чадсаныг тус байгууллага тайландаа оруулсан байна. Тодруулбал 1970-аад оны сүүл үеэс хойш мэдээлэл авах болох боломжтой 30 улсын 29-д нь өндөр орлоготой иргэдээс хураах татвар буурчээ.

Үүнээс гадна Испани, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, АНУ, Их Британи, Нидерландад явуулсан санал асуулгад оролцогсдын дийлэнх хувь нь чинээлэг хүмүүс нийгэмд хэт их нөлөөтэй байна гэсэн хариултыг өгсөн байна. Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс ч 2014 онд дэлхий дахинд тулгарч болох хамгийн ноцтой эрсдлүүдийн нэг нь орлогын тэгш бус байдал гэж мэдэгдээд байгаа юм. 
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш