logo
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

2014/01/24

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи /2014.01.23/ нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болохоор, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсрах бол ерөнхий чиг үүргийн сайд нь УИХ-ын гишүүн байхаар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд, Сү.Батболд, С.Бямбацогт, М.Энхболд нар хуулийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр болгон наашлуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авч эхэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Монгол төрийн хариуцлага суларсан нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг давхар дээлний асуудлаас үүдэлтэй гээд зарим яамд уруу хандан бичиг явуулахаар хариу ч ирүүлдэггүй талаар шүүмжилж байлаа. Тэрбээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хуулийг дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй биз хэмээн лавласан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хариулснаар, Үндсэн хуультай харшлах зүйл гарахгүй юм байна. Гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд хэлэлцсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэж буй асуудлаар АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш