Засгийн газар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хуулийн төслийг нам, эвслийн бүлэг болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжээд байсан. Харин 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн биеэ даасан хууль гаргах шаардлагагүй, энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.
Иймээс алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа гарч байгаа учраас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсныг ийнхүү хэлэлцэгдэж байгаа юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин, Д.Дэмбэрэл, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Баярсайхан нар асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, энэ хуулийн гол зорилт нь валютын нөөцийг найдвартай байлгах үүднээс олборлосон алтыг Монголбанкинд тушаахад чиглэж байгаа юм. Тиймээс аль аль талдаа зөв ойлгоод хуулийг батлах нь улс орны эдийн засагт ач холбогдолтой юм. Ажлын хэсгээс өгсөн мэдээллээс харахад хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны нөөц нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Алтаа Монголбанкинд хадгалснаар валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханшаа тогтвортой барих, мөн хэдий хэрийн алтны нөөцтэй байна тэр хэрээр улс орны нэр хүнд өсөхөд ч ач холбогдолтой гэдгийг хэллээ. Мөн энэ хууль нь Оюутолгой төсөлд хамаарахгүй, бусад аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголдоо цэвэршүүлж Монголбанк болон арилжааны банкуудад тушаах боломжийг олгоход чиглэж байгаа юм гэдгийг тодотгов.
Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.