logo
Боловсролын яам ажлаа дүгнэлээ

Боловсролын яам ажлаа дүгнэлээ

2014/01/24
-Боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэв-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр салбарынхныхаа хамт сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрсөн жилийн ажлын үр дүн, боловсролын  салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Уулзалтад сайд, яамны харьяа агентлаг, институт, хүрээлэнгийн албаныхан оролцож, мэдээлэл өгсөн юм.

Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдүүдийн бус, хүүхэд нэг бүрийн боловсролд анхаарах үндсэн бодлоготойг салбарын Л.Гантөмөр сайд уулзалтын үеэр хэлж байсан бөгөөд өнгөрсөн жил хийсэн хамгийн чухал ажлыг багшийн хөгжлийн асуудлыг шинэчилсэн гэдгийг онцолсон. Тэрээр үргэлжлүүлэн "Боловсролыг чанартай болгох зайлшгүй шаардлага бий. Нэг үүд нээгдвэл мянган үүд нээгдэнэ гэдгээр бол хүүхдийн хувьд нэг зүйлээ сайтар мэдээд, хийх хэрэгтэй. Бид үүнд анхаарч дэмжиж ажиллана. Хүүхдийг хөгжүүлэхэд багш нар нэг хичээлийн 40 минутдаа амжиж заах гэж яарах биш, гагцхүү чанарт анхаарна" гэж ярьсан юм. 
 
БШУЯ харьяа агентлагууд, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран 2013 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад гурав дахин их хэмжээтэй буюу 10.700 суудал бүхий 23 сургууль, 2350 ортой 25 цэцэрлэг, 830 ортой долоон дотуур байр, 15 спорт заал гээд нийт 70 барилгыг ашиглалтад оруулжээ.  Мөн ангийг номын сан байдлаар тохижуулахад анхаарч ажилласан байна. 21 аймгийн төв, нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудад уран зохиол, танин мэдэхүйн ном бүхий ангийн номын сан байгуулахад Азийн хөгжлийн банк болон улсын төсвийн санхүүжилтээр нэг тэрбум, 175 сая төгрөгийг зарцуулжээ. Ингэснээр I-V ангийн8890 ангийг номын сантай болгож, 250,722 номыг нийлүүлсэн байна. Ийнхүү энэ хэрээр хүүхэд, залуусын сурах орчин сайжирч, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чухал нэмэр болохыг албаныхан хэлээд өнгөрсөн жилээс эхлүүлсэн багш нарыг чадавхижуулах ажлыг энэ жил үргэлжүүлэн, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэхэд олон нийтийн санаа бодол, оролцоог улам бүр нэмэгдүүлэх юм байна. 
 
Сурах бичгийн шинэчлэлийн хувьд, энэ жил I-V ангийн сурагчдын сурах бичгийг шинэчлэх бөгөөд одоо энэ ажил эд өрнөж байна. Ийнхүү сурах бичгийг жил бүр шинэчлээд байдаг нь сурагчдыг төөрөлдүүлэх, сургалтыг чанаргүй болгох эрсдэлтэй туд сурах бичгийг ойр ойрхон шинэчилж, олон хувилбараас сонголт хийдэг байсныг болиулах хандлага руу шилжих юм гэсэн. Олон жил ашиглах чанартай сурах бичгийг гаргахын тулд салбарынхан сурах бичгээ боловсруулаад яамны харьяа лаборатори сургуулиуд дээрээ турших шинэ арга барилыг нэвтрүүлжээ. Туршилтаар тухайн сурах бичиг хүүхдүүдэд ойлгомжтой, хүртээмжтэй байвал эх хэвлэлт рүү өгөх бөгөөд ингэснээр багш, хүүхдийн саналыг тусгаж, нөгөө талдаа олон мянган хувиар хэвлэгдсэн ном алдаа гарч, илүү зардал ихээр гаргахыг ч хэмнэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш