Модон морин жилийн өмнөхөн судлаач, орчуулагч Бугат овогт Л.Алтангэрэл “Жадамба” судрыг орчин цагийн монгол хэл рүү дуун хөрвүүлсэн нь ойрын жилүүдэд Монголд орчуулагдаагүй томоохон бүтээлүүдийн нэг зүй ёсоор болж байна. Тус судрыг салбартаа тэргүүлэгч “Мөнхийн үсэг” ХХК-ийн хэвлэх үйлдвэрт эх барин авч, баринтагласан ажээ.
Орчуулагч Л.Алтангэрэлийн “Жадамба” судрын оршилыг нэрт зохиолч, яруу найрагч Г.Аюурзана бичжээ. Энэхүү судар монгол хэлнээ хөрвүүлэгдсэн явдал нь шашин, түүхийн ихээхэн ач холбогдолтой бөгөөд Сар шинийн баяраар ахмад буурлууд, аав ээж, хүндлэн дээдэлж явдаг хүмүүстээ өргөн барихад нэн тохиромжтой тун сайхан, номын цагаан буян оршсон бэлэг байх болно гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Чингээд Г.Аюурзанын бичсэн оршилыг хүргэж байна.
Их хөлгөний оргил судруудын нэг “Жадамба”-ыг шинэ цагийн монгол хэлнээ орчуулсан энэ нөр бөгөөд бишрэлт ажлыг багын анд минь зориглон туулжээ. Эш судруудыг даяг ашиглан буулгасан хуучны орчуулгууд үнэндээ одоогийн уншигчид ойлгох нь байтугай дуудан уншихуйяа бэрх байдаг. Манжийн үед “Ганжуур”, “Данжуур”-ыг монголчлох нь нэг ёсондоо кампанит ажил байсан бололтой бөгөөд үр дүнд нь зөвхөн буддын гүн ухаанд боловсорсон хүн л утгыг нь онодог, тийм нууцлаг шүтээн судруудтай болсон бид номыг уншдаггүй хоймортоо л залчихдаг, бараг шогол баринтагаас нь гаргаж хардаггүй ийм л нэгэн ойлгомжгүй соёлтой ард түмэн болчихжээ. Даяг гэдэг нь бүдүүн хадуунаар хэлэх юм бол цахим орчин дахь Гүүгл транслэйт хэмээх орчуулга хаддаг программархуу л зарчим бүхий толь байж.
Орчуулгыг түргэвчлэхэд чухал үүрэгтэй боловч утгыг хэт баригдмал, яруу бус, хэн хүнд ойлгогдохооргүй буулгадаг гэмтэй. “Ганжуур”, “Данжуур” монголчлогдож асан тэр үед монгол бичгийн хэлний найруулгын онцлог тийм байсан юм хэмээн зарим эрдэмтэд дээрх орчуулгыг өмгөөлж магадгүй. Тийн өмгөөлж яригсад мөнхүү судруудыг яг л тэр янзаар нь кирилл бичигт хуулан буулгаад, онцгой бүтээл туурвив хэмээн зарлаж байгаатай ч нэг бус удаа таарсан сан. Хайран хөрөнгө хүч санагдсаныг нуух юун. Учир нь, бурханч судруудын орчуулгаас даруй 400 жилийн өмнө бичигдсэн “Нууц товчоон”-ы найруулга хэн бүхэнд наалдацтай бөгөөд уран яруу байдгийг юу гэж үзэхсэн билээ? Харин олзуурхууштай нь, урьд хэнд ч хэрэглэгддэггүй асан мөнөөх нууцлаг ба ариун судруудыг өнөө цагийн идэвхтэй хэлээр буулгаж, хэвлэх оролдлого сүүлийн үед нэлээд гарах болсон. Хамгийн тодорхой жишээ гэвэл Баабар нарын шинэчлэн хөрвүүлсэн богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” хэмээх алдарт судар болно.
Энэ мэтийг лавшруулж үл нуршин өгүүлэх нь:
Анд минь “Жадамба” судрыг орчуулахдаа пали ба санскрит хэл дээрх эхийг хуучин монгол, түвд орчуулгатай харгалдуулан нягталж, утгын мадгийг англи орчуулгаар давхар шүүн тодруулсан нь мөнхүү номыг алдаа эндэгдэл машид бага, хэлж буй санаа тодорхой болгожээ. Судрын өмнөтгөл хийгээд үндсэн бүлгүүдийг унших явцад анд минь зөвхөн орчуулсан төдий бус, уг судраа, түүнээс ургуулан буддын гүн ухааны болоод яруу сэтгэхүйн уг үндсийг нэн ултай судалсан нь аргагүй бахдал төрүүлж байна.
Орчин цагийн хэлнээ буулган орчуулав гэхээр л зажлаад өгч буй мах мэт тархинд шууд тусахаар энгийншүүлсэн гэж эндүүрүүзэй! Угаас хоосон чанарыг ононо гэдэг амаргүйн дээр уншина гэдэг өөрөө гүн ухаанч, бүтээлч сэтгэлгээний бяд шаарддаг ажил билээ. Өрнийн философийн зах сэжүүрээс үнэрлэх төдийдөө биеэ ихэд санасан зарим залуус “Буддын гүн ухаан гэж огтоос байхгүй” гэж хээвнэгхэн айлддаг болчихсон, оюуны бядтай нь бус ердөө л будангуйчууд нь цагийг эзэрхсэн одоогийн энэ ертөнцөд ийм судрыг барин сууж, нэгэн үзүүрт сэтгэлээр орчуулна гэдэг бол гайхамшиг. Ийм судрыг хэдий өнөө цагийн хэлээр боловч ухан уншиж цаад чанарт нь хүрнэ ээ гэдэг яг л “Жадамба” дотор өгүүлж байгаачлан ойлгохгүй нь хэмээн зүрхшээж няцалгүй, ойлгогдохгүй нь хэмээн урам хугаралгүй, үгнээс нь эмээлгүй, утгаас нь сүрдэлгүй сууж цаана нь гарах үйл явц юм.
Хэрэв зээ миний бие эл орчуулгад гар хүрэх зүрхтэй байсансан бол ариун эш судар гэдэг нийтийн соёлд хамаатай зүйл биш гэдгийг хэсэгтээ умартан, орчуулгыг ахиад жаахан наашлуулж, ахиад бага зэрэг ч болохноо энгийн хэлцээр найруулахыг зорих байлаа. Гэвч “Жадамба”-ыг шимтэн уншаад гүйцэхэд тийм шаардлага огтоос үгүй, анд минь үнэхээр л номд цагааширсан хүн шиг эрдэмтэй хөрвүүлжээ гэдэгт эргэлзээгүй итгэн бахадсанаа анхны уншигчийн хувиар дуулгая.
Энэ аугаа судар хойшид шоголд залаатай бус, ширээнд дэлгээтэй байж монгол хэлний насыг уртасгахад нэмэр болох ерөөл бүрдсэнд олзуурхан баясч байна. Бид биш гэхнээ үр хойчис маань орчлонгийн гүехэн хямд аахар шаахар хүлээснээс ангижирч, монгол түмэн гэгээрсэн үндэстэн болж, хойчийн өдөр билгийн чинад хязгаарт энэ судар орчуулагдан буусан хэлээр бурхад хүүрнэлдэн суух болтугай!

Зохиолч, яруу найрагч Гүн овгийн Г. АЮУРЗАНА