Орон сууц нэн шаардлагатай байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачилан, НИТХ-ын 2012 оны 9-36 дугаар тогтоолоор батлуулсан юм. Тэгвэл шинэ оны өмнө 138 ахмад настан Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороололд барьсан 300 айлын орон сууцанд амьдрах эрхийн бичгээ хүлээн авч тохилог байрандаа орсон бол морин жилийн босгон дээр дахин 59 ахмад, таван хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэхүү байранд амьдрах эрхийн бичгээ нийслэлийн удирдлагуудаас гардаж авлаа. Улс эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан эдгээр ахмадуудын дунд 102 настай азай буурал ч байлаа. Ахмадын орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрана. Энэ байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат хэмжээтэй. Эрхийн бичгээ гардан авсан ахмадуудтай Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ түрээсийн гэрээ байгуулах бөгөөд орон сууцны түрээсийн төлбөрийг м.кв-г 3000 төгрөгөөр тооцон байрны талбайгаасаа шалтгаалан сард 77 400-111 900 төгрөг төлнө. Үүн дээр цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны ашиглалтын зардал нэмэгдээд ойролцоогоор иргэд 110 000- 170 000 төгрөг төлөх тооцоог гаргаад байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.