logo
Төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Төрийн дээд цол, одон, медаль гардуулав

2014/01/30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж утга зохиол, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ардын уран зохиолч цолоор Монгол хэлний уран яруу найруулга, өвөрмөц сэтгэлгээ бүхий үргэлжилсэн үгийн зохиол туурвин, утга зохиолын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Балжирын Догмид, утга зохиолын уянгын төрлөөр олны хүртээл болсон бүтээл туурвиж, Монголын утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж Утга зохиол дээд сургуулийн уран чадвар, сэтгүүл зүйн багш, зохиолч Шагдарын Дулмаа нарыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монгол Улсын Оёдлын нэгдсэн холбооны захирал Мөнхбаярын Жаргалмааг,

Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор “Изинис Эйрвэйз” ХХК-ийн нислэгийн стандартын мэргэжилтэн Цэвэгдоржийн Дэлгэрсайхан, МИАТ ХК-ийн  Б737-800 агаарын хөлгийн дарга Ундгайн Арвинбуян нарыг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Боловсрол шинжлэх ухааны яамны  Боловсролын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн зөвлөх Раднаагийн Бандий, Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх профессор Тарпаны Нигамет, Монгол Улсын боловсролын их сургуулийн  дүрслэх урлаг технологийн ахмад багш Цэрэнгийн Ядамжав, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн биохимийн багш Доржхүүгийн Энэбиш, “Монгени” цогцолбор сургуулийн драмын сонгоны багш Сүхийн Даваахүү нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Барилгын зураг төслийн Эн Эй Пи ХХК-ийн ерөнхий зөвлөх архитектор Гомбын Мягмар, Хөнгөн бетон ХК-ийн барилгын өргөтгөл шинэтгэл хариуцсан зөвлөх Ишийн Сүрэнбаяр нарыг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монгол Улсын боловсролын их сургуулийн  ахлах багш, дасгалжуулагч Дашчоймболын Халзанг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Эрхэм элч” продакшны жүжигчин Самдангийн Лхагвасүрэнг,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Гадаад харилцааны яамны зөвлөх, хятад хэл судлаач, орчуулагч Ядмаагийн Ганбаатар, “Утга зохиол” сэтгүүлийн ахмад ажилтан Хоролын Зандраабайдий, ”Соёмбо” сонины ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жавзангийн Ядмаа нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Сити” дээд сургуулийн зөвлөх багш Дорждуламын Маамхүү, Монгол кино үйлдвэрийн ерөнхий оператор Гэсэржавын Маш нарыг,

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор “Цэцэрлэгжилт” ХК-ийн захирал Өлзий-Утасын Магсаржавыг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн  мэс заслын төвийн эрхлэгч Сономын Коля, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Урианхайн Оргил нарыг,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ахмад багш Сүхийн Хандсүрэнг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Улаанбаатар төмөр замын татах хэсгийн машинч Ёндонгийн Баярааг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн  зөвлөх Батаагийн Дугаржавыг,

Алтан гадас одонгоор “Эдгэрэл” эмнэлэгийн мэдрэлийн их эмч Бадрахын Эрдэнэцэцэгийг,

Цэргийн гавьяаны одонгоор Хууль сахиулахын их сургуулийн  Хилийн сургуулийн хилийн албаны тэнхимийн эрхлэгч Ёлооны Хадхүүг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар "Монжаргалант" ХХК-ийн сантехникийн слесарь Төрцогтын Золжаргалыг,

Цэргийн хүндэт медалиар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Норовын Отгонжаргал нарыг тус тус шагналаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш