Тэр аймшгийн амьтан надруу бүр дөхөж ирээд ямар ч чимээ анир гаргалгүй намайг гараараа татаад доош нь унагахыг оролдсон. Би хичнээн хичээгээд ч дийлэхгүй доошоо унангаа алдаж өнөөх амьтныг өөрийг нь доошоо унагахаар оролдож байлаа. Тэр аймшгийн ад зэтгэрийн амьтан нэг гараараа зоорины ирмэгээс барьж нөгөө гараараа миний бугуйнаас атгаад доошоо чангаагаад л. Хамгийн хирдхиймээр нь тэр гар нь цэв хүйтэн байсан. Би хөлөөрөө мөр лүү нь жийгээд яг тавиулахын даваан дээр Саруул “Аав аа, намайг битгий унагаач дээ, доор их хүйтэн байгаа, би айж байна” гэж хэлсэн. Гэтэл өнөөх түлэгдчихсэн юм шиг аймаар этгээд биш охин маань миний гараас чаргууцалдаж байлаа. Яг л бодит амьдрал дээр болж байгаа юм шиг тийм их үнэмшилтэй санагдсан. Даанч охиноо татаж авах гэхэд дэндүү хоцорсон байлаа. Саруул доошоо унаж би хам хум ханцуйнаас нь шүүрээд л алдсан. Тэгээд гэнэт цочоод сэрсэн. Гэхдээ энэ бол зөвхөн зүүд шүү. Миний хайрт битгий сэтгэлээ зовоогоорой.
-Тийм ээ, зүүд. Гэхдээ дэндүү муу ёрын, аймар зүүд байна
Хэрлэн ингэж хэлээд гүнзгий амьсгаа авлаа. Тэд хоёулаа жаахан тайвширъя гэж ярилцаад хоол иддэг ширээнийхээ ард зэрэгцэн суугаад худгаас авсан хүйтэн ус уулаа. Уг нь халуун цай уухыг хэн хэн нь хүсч байсан ч халуун саванд хийсэн сүүтэй цай нь аль хэдийнэ гашилжээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа дагжин чичирч байлаа. Сүүлийн үед охиндоо санаа нь зовоод гэрээ ч олигтой галлаагүй болохоор гэр нь яг л мөсөн хонгил гэлтэй. Галсан Хэрлэн хоёр бүр голдоо ортол даарчээ. Банхар ч гэсэн ялгаа алга. Ямар ч идэвхгүй хамаг биеэ хураан хэвтэх нь жаахан ч гэсэн дулаацахыг эрхгүй хүсэж байгаа мэт. Галсан бээрсэн гараараа арайхийж шүдэнз зурж пийшиндээ гал ноцоож эхэллээ. Удалгүй гэр нь бүлээцэж Хэрлэн тогоон дээр цай үйлээ. Зоорины хаалган дээр биеэ хураан хэвтэх Банхар ч гэсэн дулаацав бололтой нэг сайн суниаж аваад нааш цааш холхиж эхлэв. Удсан ч үгүй цай буцалжээ. Гал тогооны өрөөний ширээн дээр зэрэгцэн сууж халуун цай оочлох эхнэр нөхөр 2 хоорондоо ганц ч үг сольсонгүй. Галсан үе үе зоорь луу хяламхийх нь үнэхээр Саруул энэ дор байгаа юм биш биз гэж бодсоных биз. Харин Хэрлэн нөхрийнхөө энэ бодлыг тааварласан бололтой. Хэрлэн аргагүй л Галсангийн арав гаран жил ханилсан хань нь юм болохоор Галсангийн чухам юу бодож байгааг бараг л харцаар нь уншдаг болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд Хэрлэн цай оочохоос өөр чимээгүй нам гүмийг эвдэн түрүүлж ам нээлээ.
-Галсаан, чи зоорь луу ганцаараа орно гэж санасны хэрэггүй шүү. Энэ бол зүгээр л чиний зүүд. Хэрвээ манай охин зоорин дотор ямар нэгэн санаанд оромгүй байдлаар орсон байлаа гэхэд ямартай ч зоорины бэхэлгээ тайлагдсан байх ёстой шүү дээ. Саруул маань зүгээр л хотын хаа нэгтээ байгаа. Удахгүй гэртээ ирнэ, үүнд итгэх хэрэгтэй, тийм биздээ. Эхнэрийнхээ ингэж хэлэхийг сонссон Галсан хэсэг чимээгүй сууснаа чиний зөв гэж хэллээ. Үнэндээ Галсанд зоорийг нээгээд доошоо ороод үздэг ч юм билүү гэсэн бодол төрсөөр л байв. Энэ зоорийг нээгээд охиноо олж чадахгүй байсан ч ингэж гэмээнэ ямар нэгэн зүйлийн нууцыг тайлах юм шиг Галсанд санагдах аж. Гэхдээ энэ бодолтой нь зэрэгцэн өнөөх түлэгдсэн хэрнээ цэв хүйтэн биетэй аймшгийн этгээд санаанд нь орж сэтгэлийг нь тавгүйтүүлж өөрийн эрхгүй зүрх алдахад хүргэж байв. Галсан хэдийгээр зүүдэндээ охиноо аварч чадаагүй ч энэ нь яг л бодит амьдрал дээр болоод өнгөрсөн юм шиг санагдаж үе үе гүнзгий санаа алдахад хүргэж байлаа. Галсан тайвшрах санаатай гараа халаасандаа хийж тамхи хайлаа. Уг нь Галсан нэг их тамхи татаад байдаггүй ч хаа нэг сорохоосоо татгалздаггүй нэгэн. Ялангуяа сүүлийн үед сэтгэл нь жаахан тавгүйтээд ирэхээр заавал тамхи асаадаг зуршилтай болоод байгаа. Галсан халааснаасаа тамхиа олсонгүй. Уг нь хэд хоногийн өмнө хайрцаг янжуур худалдан авсан санагдаж байсан ч түүнийгээ эрээд олсонгүй. Харин оронд нь нэгэн жижигхэн хуванцар эд олов. Яг чухам юу болохыг нь таах санаатай гараараа тэмтэрч үзэхэд товч бололтой. Галсан түүнийг нь гаргаж ирээд харлаа. Цамцных болов уу гэмээр ягаан өнгөтэй хуванцар товч аж. Гэхдээ энэ товч чухам хэзээ яагаад өөрийн нь халаас руу орчихсныг Галсан бодоод олсонгүй. Бас хэний юуных нь товч болохыг ч шууд оноогоод нэрлэж чадсангүй.
-Энэ одоо юун товч байдаг билээ? Хэмээн Галсан эхнэртээ өнөөх товчийг үзүүлэн асуув.Хэрлэн юу ч бодсонгүй өнөөх товчийг гартаа барьж үзээд сонирхож байснаа сууж байсан сандал дээрээсээ огло үсрэн босоод ирэв.
-Хэрлээн, миний хөгшин яав? Хэмээн Галсан сандран асуув
-Саруулын цамцны товч. Яг мөн байна. Саруулын хамгийн сүүлд хичээлдээ явахдаа өмссөн ноосон цамцны товч мөн байна. Хэрлэн ингэж хэлээд хоолой нь зангираад ирлээ. Галсан одоо чухам яах ёстойгоо үл мэдэн самгардан зогсоно. Хэрлэн яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Энэ яалт чгүй манай Саруулын цамцны ханцуйных нь товч мөн байна. Чи яахаараа энэ товчийг халаасандаа хийчихээд явж байдаг билээ. Хэзээ яаж хаанаас авсан юм бэ? Хэмээн Хэрлэн одоо болтол яахаа мэдэхгүй гайхан зогсож байгаа нөхөр лүүгээ давшлан асуултаар булж гарлаа.
-Мэдэхгүй ээ, ямар ч байсан миний халаасанд л байж байна. Галсан ингэж хэлээд гэнэт нэгийг санав бололтой царай нь хувираад ирлээ. Тийм ээ, түрүүний зүүд. Галсан энэ үгийг дуулдах төдий шивнэв. Гүнзгий харанхуй зоорь луу унах охиныхоо гараас амжиж атгаж чадалгүй цамцных нь ханцуйнаас зуураад алдсан тэр дүр зураг Галсангийн нүдний өмнө дахин тодрон үзэгдэх шиг болов.
Галсан ингэжбодоод Хэрлэнтэй юу ч ярьсангүй дуугаа хураагаад зоорь луу гөлрөн суулаа. Яалт ч үгүй л охиных нь хамгийн сүүлд гэрээсээ явахдаа өмссөн цамцных нь товч халаасанд нь байж байдаг. Гэтэл энэ товчийг Саруулын цамцнаас хэзээ авсан байж таарах билээ. Лав Саруулыг хичээлдээ явахад нь би гэртээ ч байгаагүй шүү дээ. Тэгээд бас саяын болсон явдал зүгээр л зүүд. Галсан ингэж бодсоор хямарч орхижээ.
Хэрлэн Галсан руу асуусан харцаар харж байсан ч Галсанд эхнэртэйгээ ярилцах сөхөө ч байсангүй. Галсан ийн бодол болсоор өнөөх Саруулын цацны товчтой холбоотой бодлынхоо хариуг олж дөнгөсөнгүй. Тэрээр эхнэртэйгээ ч ярихгүй байсаар бүр өдөр өнгөрч байхад “Саруулын цамцны товч яагаад миний халаасанд орсныг ойлгохгүй байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр Хэрлэнгийн амыг таглажээ.
* * *
Саруул бараа сураггүй хэвээр. Энэ янзаараа дахин дөрөв хоног өнгөрөхөд байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Гагцхүү охиндоо сэтгэл зовних эцэг эхийн сэтгэл улам бүр харанхуйлж итгэл найдвар нь бага багаар бөхсөөр байлаа. Банхар шөнө хааяа нэг ямар нэгэн зүйл рүү боргон хуцаж бөөн чимээ шуугиан болох хэдий ч сэжигтэй юм юу ч олдсонгүй. Бас Галсан зоорио нээх үү яах вэ гэж эргэлзэн бодсоор өнөөдрийг хүрчээ. Магадгүй Галсан охиноо хүрээд ирэх ч юм билүү хэмээн горьдон итгэж найдаж байсантай нь ч зоорийг нээхээсээ түдгэлзсэн нь холбоотой байсан биз. Мэдээж Саруул гэртээ эсэн мэлн хүрээд ирж гэмээнэ Галсанд энэ муу ёр шүглэсэн зоорийг нээх ямар ч шаардлага байхгүй нь тодорхой байсан билээ. Бас Галсан тэр Цэнгэл гэдэг хүн, чөтгөрийн аль нь болох үл мэдэгдэх охины сургийг гаргах гэж хирэндээ хичээсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй билээ.
Хүйт даасан гэртээ охиноо үгүйлэн бэтгэрэн суух эцэг эх хоёр Мягмар гарагийн энэ өглөө охиныхоо сургийг хаанаас гаргаж болох талаар ярилцан хашаандаа зогсож байлаа. Тэгтэл Галсангийнд нэгэн зочин ирсэн нь Саруулын ангийн багш Ганцэцэг байв.
Тэрээр охиноос нь одоо болтол сураг гараагүй байгаа эсэхийг лавлаж мэдээд явах гэснээ гэнэт эргэж Галсангийн нүд рүү харж хэсэг азнаснаа буцаж эргэлээ. Галсан
-Та ямар нэгэн юм хэлэх гээ юу?
-Юу л даа. Хэд хоногийн өмнө та сургууль дээр ирээд явахдаа Цэнгэл гэдэг охины тухай асууж байсан шүү дээ
-Тийм ээ. Тэр охины сураг гараа юу?
-Үнэндээ тэр охины гэр нь хэд хоногийн өмнө биш бүр олон жилийн өмнө шатсан юм. Үнэхээр таны хэлснээр аав нь тэгэхэд айхтар түлэгдэн нас барсан гэсэн. Охин ч бас нас барсан гэдэг. Их ядуу амьдралтай айл байсан. Ямар ч хашаа хороо байхгүй аав нь хар бор ажил хийж охинтойгоо амь зуудаг хэцүүхэн л амьдралтай байсан гэж хүмүүс ярьдаг. Тэгэхэд тэр Цэнгэл гэдэг охин манай сургуульд сурдаг байсан юм л даа. Тэр үед би дунд сургуулийн сурагч байсан. Гэхдээ энэ бол их олон жилийн өмнөх явдал шүү дээ. Таны асуусан Цэнгэл биш ч байж болно. Таныг хэд хоногийн өмнө асуухад чинь би тодорхой ярьж амжаагүй. Тэгээд л яагаад ч юм энэ тухай танд заавал дуулгах ёстой юм шиг санагдаад ...
Энэ үгийг сонссон Галсан Хэрлэн хоёр ёстой л нөгөө мэл гайхаж цэл хөхрөнө гээч нь болов бололтой. Тэд Ганцэцэг багш руу гайхсан харцаар хэсэг чимээгүй ширтэж байснаа хоорондоо харц солилцоод авав. Хэрлэн тэссэнгүй бололтой ам нээв.
-Сонин юмдаа. Нэлээд хэд хоногийн өмнө л манайд хоносон. Өөр Цэнгэл гэдэг нэртэй охин юм болов уу?
-...мм... Мэдэхгүй. Магадгүй тийм байх. Ямар ч л байсан манай сургуульд сурдаг байсан Цэнгэл гэдэг охин дандаа л нэг янзын сурагчийн дүрэмт хувцастайгаа гэр гадаагүй л явж байдаг байсан. Их л хэцүү амьдралтай байсан даа.
-За тэр. Тэр мөндөө. Яалт ч үгүй мөн байх нь. Саяхан надтай жорлонд тааралдахдаа яг тэр сурагчийн дүрэмт хувцастайгаа л харагдсан. Магадгүй тэр охины сүнс л байнга ээрээд байгаа байх нь л дээ. Охиныг минь тэр л нэг тийш нь аваачсанаас зайлахгүй.
Галсан ингэж хэлээд царай нь тийм гэхийн тэмдэггүй барайгаад ирлээ. Харин Галсангийн хэлснийг сонссон Ганцэцэг мэдрэл муутай хүнтэй харьцаж байна гэж бодсон уу эсвэл сүнс чөтгөр гээчээс нь айв уу ум хумгүй гараад явлаа. Харин Хэрлэн Галсангийн “Хэд хоногийн өмнө Цэнгэлтэй жорлонд тааралдсан” гэсэн үгэнд нь гайхан байсан ч асуулгүй өнгөрлөө.
Галсан дэмий л цагдаагийн хэсэг дээр очин охиныхоо талаар сураг ажиг гарсан эсэхийг асуугаад сэтгэл гонсгор гэртээ буцаж ирлээ. Галсангийн дотор одоо юуны өмнө охиноо олж аваад энэ хараал идэж муу юм шүглэсэн байшингаас хурдхан нүүе гэсэн бодол л эргэлдэж байв. Дахиад л шөнө боллоо. Цагдаа, түргэн тусламж, асрамжийн газар гээд бараг бүх л байж магадгүй гэсэн газрууд руу утасдаж найз нөхөд хамаатан саднууддаа хэлж сураг чимээ дахин дахин тавиулсан ч охиныхоо тухай нэг ч үг олж сонсож чадсангүй.
Харин энэ шөнө Галсан унтсангүй. Бүр унтахыг ч хүссэнгүй. Хэрлэнд ”Дэмий уйлж суухаар жаахан ч гэсэн унтаж амар” гэж зөвлөөд өөрөө гал тогооныхоо өрөөнд нохойгоо хажуудаа хэвтүүлээд өөртөө цай аягалаад суучихав.Харин Хэрлэн охиндоо санаа зовоод байхад юуны чинь унтах гэж хэлсэн ч эрхгүй ядрав бололтой нүдний хор гаргахаар хэвтлээ. Шөнө дунд болжээ. Галсан энэ удаа зоорин доороос дахиад хэн нэгэн балбах юм бол чухам юу болохыг нь олж мэдэх санаатай байлаа. Эсвэл өнөөх аль эрт үхсэн гэж яриад байгаа Цэнгэл охин ч хүрээд ирж мэдэх юм гэсэн бодол санаанаас нь гарсангүй. Ямартай ч энэ шөнө тэрээр огт унтахгүй байхаар шийджээ.
Гадаа салхи исгэрч, хааяа нэг машин явах нь дуулдана. Гэрт ч тэр гадаа ч тэр нам жим байсаар. Галсангийн нүд өөрийн эрхгүй анилдаад эхлэв. Тэрээр харин нойртойгоо тэмцэхийг хүссэнгүй бололтой нүдээ анин ширээгээ дэрлэн хэвтлээ. Галсан дөнгөж дугхийв үү үгүй юу зүүдний ертөнцийн босго даван орлоо. Галсангийн зүүд яг л бодит амьдрал дээр болж байгаа юм шиг ил тод ойлгомжтой байх аж.
Тэрээр зүүдэндээ өөрийгөө унтлагынхаа өрөөнд шөнө ганцаараа сонин гарчиглаж байгаагаар эхлээд харав. Гэтэл нөгөө л гал тогооны өрөөнд байгаа муу ёрын зоорины ямар нэгэн бүгтхэн чимээ дуулдаж доороос нь тогших бөгөөд тэр нь чухам юу болохыг нь мэдэхээр Галсан эрхгүй тэр зүг алхаж байв. Галын өрөө рүү ойртох тусам өнөөх чимээ улам тод сонсогдож байлаа. Удалгүй гал тогооны өрөө рүү ороход хамаг юм нь эмх замбараагүй ундуй сундуй болсон байх бөгөөд зоориноос хэн нэгэн гарах гэж амь тэмцэн балбах аж. Галсан хэдий айж байсан ч зоорины дэргэд очиж “чи хэн бэ?” гэж асуулаа. Гэтэл өнөөх нүдэх чимээ хэсэгхэн зуур зогссоноо зоорины хаалганы завсраар хэн нэгний нүд Галсанг хорссон байртай цоо ширтэх аж. Тэгснээ тэр эрэгтэй хүн “Чи намайг эндээс гарга. Хурдан гаргаадах, зоориныхоо түгжээг мултал. Энд маш хүйтэн байна. Хэрвээ хаалгаа нээхгүй бол... нээхгүй бол...” хэмээн цахиртаж сөөнгөтсөн хоолойгоор Галсанг заналаа.
Банхарын уурлан хуцах чимээгээр Галсан нойрноосоо цочин сэрэв. Үнэхээр саяын зүүдэндээ үзсэн шиг хэн нэгэн зоорин доороос гарах гэж самардаад байх шиг байлаа. Галсан ч гартаа тааралдсанаар нь мод хагалдаг сүхээ авч далайгаад зоорь луу тонгойн “чи ер нь хэн юм бэ, гараад ир, нэгийгээ үзье” хэмээн уурсан хашхирлаа. Тэгмэгц өнөөх чимээ гэнэт дуулдахаа болих нь тэр. Хэрлэн ч энэ бөөн дуу чимээнээр гал тогооны өрөөнд сандран орж ирлээ. Гадаа үүр цайх болоогүй тас харанхуй хэвээр. Нохой уурсан архирч хуцсаар. Харин Галсан эхнэрээ орж ирснийг ч анзаарсангүй гартаа атгасан сүхээрээ зоорины хаалгыг дээрээс нь балбаж гарав. Новш минь, би чамайг алаад өгье л дөө хэмээн хашхичих тэрээр бүр цөхрөнгөө барж дуусав бололтой. Удалгүй зоорины хаалгыг захалж хадсан төмөр бэхлээс хугарав. Одоо зөвхөн зоорины хаалгыг дээрээс нь татахад л нээгдэхээр болжээ. Банхар боргон хуцсаар харин Хэрлэн энэ бүхнийг айж сандарсан нүдээр ширтэн гараа элгэндээ зөрүүлэн зогсоно. Яг зоорины хаалгыг ийнхүү дээш нь татаж нээх мөч тулаад ирэхэд Галсан өөртөө эргэлзэж ямар ч хөдөлгөөн хийлгүй зогслоо. Одоо ГАлсангийн толгой энэ хаалгыг нээх нь зөв үү буруу юу гэсэн тэрсэлдсэн бодлууд хоорондоо тэмцэлдэж байх аж. Зоорин доороос хэн нэгний дээшээ зүтгэх өнөөх чимээ гарахаа больжээ. Бүгд нам гүм болов. Нохой нь ч тэр зоорины хаалга руу тас ширтэж биеэ хураан бөгтийн зогсож байлаа. Банхар энэ хаалганы цаана юу ч гарч ирсэн шууд дайрахад бэлэн байгаа нь харваас андашгүй аж. Галсангийн нүүрээр хөлс дааварласан байх бөгөөд нэг гартаа атгасан сүхээ далайсан хэвээр.
Галсан зоорины хаалгыг огцом хүчтэй нээлээ. Энэ хаалгыг ийнхүү нээснээр хожим өөрийнхөө амьдралд ямар их гай дуудсанаа энэ агшинд Галсан яахан мэдэх билээ. Зооринд хэн ч байсангүй. Зоорины таг нугасаараа бүтэн эргэж модон шалан дээр түс хийн савагджээ. Эхнэр нөхөр нохой гурав гурвуулаа зоорь луу тонгойж харсан хэдий ч ямар ч гэрэл тусгаагүй учир юу ч харагдсангүй. Ямартай ч тийм гүехэн биш гэдэг нь андашгүй. Тэдний нүүр лүү хүйтэн агаар сэнгэнэж байх агаад таагүй үнэр ханхийх аж. Хэрлэн гэнэт муухай хашхирлаа.
-Хэрлээн, юу болов?
Хэрлэн дэмий л зоорины сөхөгдсөн хаалга руу заав. Хэн нэгнь хурууныхаа цусыг гартал самардсан тэмдэг зоорины дотор талын модон хаалганд тодхон үлджээ. Хаалганы дотор талын банзан дээр хумсаар маажсан ором энд тэндгүй харагдах бөгөөд саяхан малтаж байсан нь ойлгомжтой байв. Учир нь самардсан хурууны ором дагаж нялгадсан цус нойтон хэвээр байлаа. Банхар гэнэт айхтар архиран хуцаж гадагшаа хар эрчээрээ давхиж одов. Галсан Хэрлэн хоёр ч хоёр бие рүүгээ гайхаж харснаа нохойныхоо араас яаран гүйлээ. Нохой жорлон руу ямар ч эргэлзэх юмгүйгээр эрчээрээ давхин дотогшоо ороход Галсан араас нь гүйгээд гүйцсэнгүй. Ямар нэгэн юм доошоо пад хийн хөлдүү газар унах чимээ гарч нохой хуцахаа болих нь тэр. Өнөөг хэр нь гартаа сүх атгасаар байгаа Галсан зогтусав. Банхар, банхар гараад ир хэмээн тэрээр хоолойны чадал мэдэн хашхирлаа. Жорлонгоос ямар ч чимээ гарсангүй. Галсан хэсэг алмайрч зогссоноо жорлон руу яаран гүйж очиход Банхар жорлонгийн нүх рүү унажээ. Тэр доор ямар ч хөдөлгөөнгүй гулдайн хэвтэх хар дүрс нохойг хэдийнэ үхсэнийг илтгэх мэт.
“Чи хаанахын ямар хараал идсэн новш нь вэ. Бид нар чамд ямар гай тарьсан юм” хэмээн хашхирах Галсангийн дууг сонссон хэн ч байсан хирдхиймээр. Хэрлэн нөхрийнхөө араас тэвэрчээ. Тэрээр хэдий өөрөө маш их айдаст автсан ч Галсанг тайвшруулах гэж аль болох сайн сайхан үг хэлэхийг хичээж байгаа нь нэг бодлын өрөвдмөөр. Хашааны сүүмгэр гэрэлд орчин тойрон тийм ч сайн харагдахгүй байх агаад Банхар аль хэдийнэ үхсэн нь нэгэнт тодорхой болжээ. Эхнэр нөхөр хоёр жорлонгийн умгар модон өрөөнд хамтдаа ороод доошоо нохойгоо өчнөөн дуудсан ч доор гулдайн хэвтэх бараан дүрс огтхон ч хөдөлсөнгүй, бас ямар ч дуу чимээ гарсангүй. Эхнэр нөхөр хоёр маш их айдас түгшүүрт автаж байсан хэдий ч түүнийг нь нохойн үхлээс үүдсэн харуусал хэсэгхэн хугацаанд мартагнуулав бололтой. Тэд өглөө нар гарахаар нохойныхоо цогцсыг жорлонгийн нүхнээс гаргаж авахаар тохиролцож гэрлүүгээ алгуурхан явж орлоо. Байшин дотор нам жим, чимээ аниргүй байх аж. Энэхэн хэсэг хугацаанд тэд түрүүн зоорины хаалгыг нээснээ мартагнаад байсан билээ. Гэнэт Хэрлэн муухай хашхиран нөхрөө тэврээд авлаа. Тэд түрүүн нохойныхоо араас сандран гарахдаа гал тогооны гэрлийг унтраагаагүй бөгөөд нээлттэй орхисон зоорины хаалгыг хэн нэгэн хаажээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа яахаа мэдэхгүй айдаст автан зогсоно. Байшинд ямар ч чимээ аниргүй хэвээр. Галсан түрүүлж ам нээлээ.
-Чи зоорины хаалгы хаагаад гарснаа мартсан юм биш биз?
-Үгүй ээ, би хаагаагүй. Наадахыг чинь хаах нь битгий хэл ойртохоосоо ч айж байсан юм чин хэмээн Хэрлэн шивнэн хариулах нь хэн нэгэн этгээд ярихыг нь сонсчих вий гэж айсан шинжтэй байх аж. Эхнэрийнхээ ийнхүү шивнэн ярихад Галсан үнэхээр хэн нэгэн муу ёрын этгээд зоориноос сэмхэн гараад гэрт нуугдсан юм шиг санагдаж жийрхсэндээ ар нурууных нь үс босох шиг л боллоо.
Магадгүй Саруул зооринд байгаа хэрэг биш байгаа даа гэсэн Галсангийн санааны мухарт өнөөг хэр нь хадгалагдаж байсан бодол харин одоо ор мөргүй замхран арилжээ. Охин нь зооринд байсан байлаа гэхэд ийм удаан тэсэхгүй нь ойлгомжтой. Бас нөгөөтэйгүүр Саруул үхэж гэмээнэ сүнс нь эцэг эхдээ, ялангуяа хайртай нохойдоо халтай ийм муу муухай зүйл хийхгүй гэдэгт Галсан итгэлтэй байлаа. Тэгэхээр энэ зоориноос Саруул биш өөр муу ёрын этгээдийн үнэр үнэртэх шиг л Галсанд санагдав. Ингэсээр нэг их удалгүй өглөө болжээ. Эхнэр нөхөр хочрын хэн нь ч зоорь луу дахин ойртсонгүй. Урьд шөнө тогтуун байсан цаг агаар энэ өглөө нэг л зэвүүн хүйтэн байх аж. Зэгэлтсэн саарал тэнгэрийн чхуам хаанаас нь нар тусаж байгаа нь үл мэдэгдэнэ. Галсан дүүгээ гэртээ дууджээ. Галсангийн дүүг Батжаргал гэх бөгөөд ахынхаа дуудсан ёсоор өглөө эрт гэрт нь ирээд байв. Тэрээр энэ жил 25 нас хүрч байгаа нуруугаар ахаасаа өндөр биерхүү залуу. Батжаргалын хувьд хувийн компанид хамгаалалтын албаны даргын ажил эрхэлдэг, ганц бие бөгөөд ахаа хэнээс ч илүү хүндэлдэг нэгэн. Түүний өмссөн спорж загварын энгийн хувцас нь хүдэр биенд нь яг л захиалсан юм шиг таарсан байх агаад цэвэрхэн цагаан царайд нь жигтэйхэн зохижээ. Галсан Батжаргал хоёр муу хувцас өмсөн жорлонгийн модон гишгүүрийг мулт татан авч шат тавин доошоо буув. Хөөрхий Банхар хэдийнэ амьсгаа хурааж бүр хөшиж орхижээ. Амнаас нь цус гоожсон нь хөлдсөн ялгадас, цагаан цасан дээр тодхон ялгарч харагдана. Хамгийн хирдхиймээр нь Банхарын нүд хараастай хэвээр байх бөгөөд тэр харцанд нь хэн нэгнийг өшиж занасан, эсвэл айсан мөр тодхон үлджээ. Ах дүү хоёр нохойн цогцосыг хамжин байж муу шуудайнд хийгээд дээш нь гаргалаа. Хэрлэн хайртай үнэнч нохойгоо үхсэнд харамсаж уйлан зогсох аж. Галсан Батжаргал хоёр нохойг оршуулахаар холхон уулын энгэр бараадан алхав. Батжаргал түрүүнээс хойг ахаасаа асуух гээд эв нь таарахгүй байсан үгээ асуухаар шийдэв бололтой.
-Банхар яагаад жорлон руу чинь давхиж ороод тэгээд бүр доошоо унаад үхчихдэг байна аа. Үгүй тэгээд уналаа гэхэд тийм амархан үхчихнэ гэж баймааргүй л санагдах юм. Батжаргалын дууных нь өнгө энэ хүдэр биенд байж боломгүй гэмээр нарийндуу сонсогдох аж.
-Харин тийм ээ. Би ч гэсэн гайхаад л байна. Саруулын амьд үхсэн нь ч мэдэгдэхгүй, сураг чимээ гарахгүй болохоор бүр шаналж гүйцлээ. Хэрлэн ч гэсэн ялгаа алга. Өдөр шөнөгүй л уйлж автобусны буудал тоссон хүн болж хувирлаа. Миний ажил ч цалгардаж гүйцлээ. Ядахад энэ байшинд учир нь ойлгогдохгүй муу ёрын зүйлүүд болоод ердөө сэтгэл амраахгүй юм. Ер нь Саруулын гэртээ ирэхгүй алга болсон шалтгаан, нохойн үхэл ч гэсэн бүгд л энэ муу ёрын байшин, зоорь бас тэр новшийн жаахан охины сүнстэй холбоотой. Ингэж хэлэхдээ Галсангийн хоолой чичирхийлж байв.
Ямар ч сүсэг бишрэлгүй ахынхаа гэнэт ингэж хэлэхэд Батжаргал баахан гайхжээ. Батжаргалын сонирхлыг хамгийн ихээр татсан үг бол яах аргагүй “Байшин, зоорь бас тэр муу ёрын жаахан охины сүнс” гэж хэлсэн нь байлаа.
-Юун сүнс, бас юун зоорь яриад байна аа та. Тэгэхээр та энэ байшинд буг чөтгөр шүглэсэн гэх гээд байна уу?
-Тийм ээ, магадгүй биднийг нүүж ирэхээс ч өмнө байсан л байх. Яавч зүгээргүй. Ялангуяа тэр зоорь. Тэр доороос ямар нэгэн муу ёрын амьтан эсвэл муу ёрын сүнс гарч ирэх гээд байгаа юм. Магадгүй гараад ирсэн ч байж мэднэ.
-Юу гэнэ ээ... Батжаргал юу хэлэхээ бас юу асуухаа ч мэдсэнгүй. Ахынхаа шаналж хорссон нүд рүү гайхаж харахаас хэтэрсэнгүй. Охин нь сураггүй алга болоод сэтгэл нь хямрахдаа хий юм харж сонссон юм болов уу гэж хүртэл бодож явлаа. Тэд ийнхүү явсаар уулын энгэрийн нэгэн буйдхан газар олж хайртай нохойгоо оршуулах ажлаа эхэллээ. Нохойны сүүлийг цавчиж толгой доор нь дэрлүүлээд аманд нь шар тос зуулгажээ. Өвлийн улирал болохоор газар хөлдүү бөгөөд ухна гэдэг хамгийн хүнд бэрх нэг үгээр хэлбэл тамын ажил байлаа. Гурав дөрвөн цаг ноцолдсны эцэст нохойгоо арайхийн хөдөөлүүлжээ.
Ингээд гэр лүүгээ буцах замдаа Батжаргал түрүүний ахынхаа ярьсан тэр сүнс чөтгөр зоориных нь тухай лавлан асуулаа.
-Танай энэ байшин чинь зоорьтой тэгээд тэр зоориноос нь хэн нэгэн гарч ирэх гээд байгаа гэв үү?
-Тийм ээ, шөнө болохоор л доороос нь нүдээд л зүүдэнд элдэв юм үзэгдээд. Яагаад ч юм тэр зоорь нэг муу ёрын. Анх тийм зоорь байгааг нь ч мэдээгүй л дээ. Гэтэл харин тэр зоорийг бүр бэхлээд хадчихсан байсныг нь хараад эхэндээ гайхсан. Чи магадгүй миний ярьж байгаад итгэхгүй байж магадгүй юм. Хэрлэн миний хэлсэн үгийг батална даа.
-Та тэгээд тэр зоорийг нээж дотор нь орж үзэв үү?
-Үгүй ээ. Дотор нь орж үзээгүй. Үнэндээ орох зав ч гарсангүй. Харин өчигдөр нээсэн шүү.
Ингэж хэлэхдээ Галсангийн дуу илт сулаад ирсэн нь өчигдрийн зоорины хаалга өөрөө хаагдсан байсныг санав бололтой.
-Тэгээд. Чухам яагаад дөнгөж өчигдөр нээж үзсэн юм бэ?
-Нээхэд тийм амар байгаагүй. Тэгээд ч үнэндээ тэр хаалгыг нээнэ гэхээс нэг л жийрхэж байсан шүү. Дороос нь балбаад л, самардаад л. Хөөрхий Банхарыгаа хэрэггүй л зоорины хажууд хонууллаа гэж одоо хүртэл харамсаж байна. Өчигдөр би зоорины хаалгыг тэсэлгүй нээгээд хартал нүдэнд юу ч өртөөгүй харанхуй нүх л харагдсан.Харин зоорины хаалганы дотор талд үнэхээр хэн нэгэн самардсан шинэхэн ул мөр байсан шүү. Чи одоо очоод хараарай.
Батжаргал Галсангийн энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй жихүүцээд ирлээ. Галсан яриагаа цааш үргэлжлүүлэв.
-Манай нохой ямар солиорсон биш. Бид нарын нүдэнд өртөхгүй ямар нэгэн амьтныг олж харснаас зайлахгүй. Айхтар архираад жорлон руу давхиад орсон.Тэгээд тэр амьтан ч дороос нь татаж унагаад алчихсан.
Ахынхаа энэ хэлснийг сонссон Батжаргал бүр учраа олохоо больж гүйцээд Галсангийн эрүүл эсэхэд эргэлзэх шиг болов.
-Тэгвэл тэр охины сүнс гэж яриад байгаа чинь юу билээ? Ингэж хэлэхдээ Батжаргалын дууны өнгө үл ялиг өөрчлөгдснийг Галсан анзаарсангүй.
-Тэр Цэнгэл гэдэг үхээрийн хувхай царайтай охин яавч амьд хүн биш. Уг нь анх Саруулыг дагаж манайд ирж нэг хоносон. Маргааш нь би хөөгөөд явуулчихсан юм. Тэр охин гал тогооны өрөөнийн нөгөө зоорийг нээх гээд байгаа юм. Харин манайхаас явахдаа “Дахиж ирнэ” гэж хэлж байсан. Хэлсэндээ хүрсэн шүү
-Яаж хэлсэндээ хүрсэн гэж?
-За за битгий олон юм шалгаагаад бай. Тэр охины явсан газар мөр үлддэггүй юм.
Энэ үгийг сонссон Батжаргал юу гэж хэлэх бас яахаа ч мэдсэнгүй.
Тэд гэртээ иржээ. Хэрлэн хоол хийгээд ах дүү хоёрыг хүлээх байх бөгөөд мөн өөрийнхөө оюутан эмэгтэй дүүг гэртээ авчирчээ. Хэрлэнгийн дүүг Оюунчимэг гэдэг. Энэ жил гуравдугаар дамжааны оюутан, урт үстэй, дунд зэргийн нуруутай охин байлаа. Хэрлэн ч тэр Галсан, Батжаргал хоёрыг нохойгоо оршуулахаар явсан хойгуур гэртээ болоод байгаа явдлыг дүүдээ нэгд нэгэнгүй ярьсан бололтой. Тэр дөрөв дөрвүүлээ хоол идэж байхдаа юу ч ярьсангүй. Гал тогооны ширээн дээр хамтдаа хооллох тэдний хэн хэн нь зоорь луу үе үе хяламхийх аж. Саруул сураг чимээгүй хэвээрээ л байлаа. Ийнхүү охин гэртээ ирэлгүй бараг арваад хоносон болохоор охиноо амьд эргэж ирнэ гэдэгт эхнэр нөхөр хоёр хоёулаа эргэлзэх болжээ. Гэхдээ энэ эргэлзсэн бодлоо тэдний хэн хэн нь илэрхийлсэнгүй. Хэдэн цагийн турш хэн ч юу ч ярьсангүй. Галсан мөн л урьдын адил цагдаагийн хэсэгт очиж охиноо сурагласан боловч сэтгэлээ сэргээчих ямар ч үг сонсож чадсангүйгээр барахгүйгээр үл барам охиных нь алга болсон хэргийг хүлээж авсан ахлах дэслэгчээс зэмлэсэн үг сонсоод авлаа. Охины чинь тухай өчүүхэн төдий сэжүүр гарах юм бол шууд утсаар мэдэгдэнэ гээд байхад юунд өглөө оройгүй энэ хавиар эргэлдэж өөрсдийгөө ч бас биднийг ч улам зовоогоод байгаа юм бэ хэмээн хөөрхий эцэгт хэлжээ.
Галсангийн сэтгэл тийм гэхийн аргагүй шаналж толгойгоо гудайлган алхалсаар гэртээ яаж ирснээ ч мэдсэнгүй. Бүгд л түүнийг асуусан харцаар ширтэх хэдий ч Галсангийн гадаад байдлаас л Саруулын талаар ямар ч сураг гараагүй гэдэг нь андашгүй байв. Удалгүй үдэш болж гэгээ тасарлаа. Хэрлэн ч урьдын адил юмыг яаж мэдэхэв хэмээн охиноо тосохоор автобусны буудал руу Оюунчимэгийг дагуулан явав.
Галсангийн амнаас бүр дуу ч гарахаа боьжээ. Тэрээр унтлагынхаа өрөөний орон дээр элдвийг бодон бөгтийн сууна. Түүн дээр Батжаргал орж ирлээ. Харин Галсан дүүгээ орж ирснийг ч анзаарсангүй эсвэл анзаарсан ч тоосонгүй. Батжаргал ахыгаа тайвшруулах санаатай түүнтэй ганц нэг үг солихыг оролдсон ч тусыг эс олов. Батжаргал Галсангийн хажууд зэрэгцэн суужээ. Тэрээр нэлээд эргэлзсэн байртай дороо займчиж байснаа Галсан руу харж “Ах аа хоёулаа зоорь луу орох уу?” гэж асуулаа
Аль хэдийнэ харуй бүрий болсон ч сар гарсангүй учраас гадаа хав харанхуй байлаа. Хэрлэн Оюунчимэг хоёр автобусны буудал руу горьдлого тавин Саруулыг тосох гэж яваад гэртээ ирээгүй хэвээр.
Галсан дүүгийнхээ хэлсэн саяын үгийг сонсоод цочих мэт болсноо урьдын адил хэсэг чимээгүй суув. Тэрээр толгойгоо салаавчилсан гараа доош нь буулгаад өндийж цэх боллоо
-Зоорь луу оръё гэнэ ээ. Чи харин загатнасан газар маажлаа даа. Яагаад тийшээ оръё гэж бодох болов?
-Галсан ах аа. Магадгүй тэр зоорин дотор орсноос олон юмны учрыг олж мэдэх юм шиг санагдаад байна. Би сая зоорины хаалгыг нээж үзсэн харанхуй нүх л харагдсан. Харин үнэхээр зоорины хаалганы дотор талд хэн нэгний самардсан ул мөр тодхон үлдсэн байна лээ шүү
-Тийм ээ, магадгүй чиний хэлж байгаа зөв байх. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ зоорь луу орох л байсан. Тиймээс одоо оръё
Галсан ингэж шийдэмгий нь аргагүй босоод ирлээ. Батжаргал ч гэсэн сууж байсан орон дээрээсээ босов. Тэдний хэн хэн нь зоорь луу орохоор хатуу шийдсэн нь хөдөлгөөнөөс нь андашгүй аж. Түрүүнээс хойш сууж босохдоо хүртэл бэртсэн хүн шиг хөдөлж ядаад байсан Галсан тамирчин шиг л хурдан хөдөлж өөрийгөө зэвсэглээд амжлаа. Тэрээр өнөөх түлэгдсэн болов уу гэлтэй аймшгийн хүйтэн биетэй “хүн чөтгөр”-тэй учирч мэднэ гэж таамагласан нь лав. Харин Батжаргал ахыгаа ингэж алх бороохойгоор зэвсэглэхэд нь гайхаж бас жаахан дургүй нь хүрэв бололтой
-Та тэгж их айгаад байгаа юм уу, наадуулын чинь хэрэг гарахгүй шүү дээ. Батжаргал ингэж хэлээд Галсангийн гартаа чанга гэгчийн атгаад амжсан бороохойг заалаа.
Галсан ямар ч хариулт өгсөнгүй. Дүүдээ араас дагаад яв гэж хэлээд шууд галын өрөө рүү орлоо. Гал тогооны өрөөний гэрлийг асааж зоорины дэргэд ирэв. Галсангийн царайд эргэлзсэн айсан байдал тодхон харагдаж байсан нь Батжаргалд ч бас нөлөөлөв бололтой. Батжаргал хоолойгоо зассанаа Галсангаас асуулаа.
-Зоорин дотор юу байгаа бол?
-Мэдэхгүй, үнэндээ юу ч байж мэднэ. Лав хоосон биш гэдгийг нь зөнгөөрөө мэдэрч байна.
-Зоорин дотор байгаа нөгөө ад зэтгэрийн амьтнаа та магадгүй гараад ирсэн ч байж мэднэ гэж өдөр хэлсэн.
Дүүгийнхээ саяын хэлснийг сонсоод Галсан зогтусав. Нээрээ тийм л дээ. Өчигдөр шөнөөс хойш зоориноос дахин чимээ гараагүй. Нөгөө нүдээд байсан амьтан нь гарч ирээд дээд давхарт бүгчихсэн хэрэг биш байгаа даа гэсэн бодол Галсангийн толгойд төрж энэ тухайгаа дүүдээ хэлэв
-Өчигдөр зоорины хаалгыг нээчихээд эргээд ороод иртэл хаагдчихсан байсан. Эхнэр бид хоёр хэн нь ч энэ хаалгыг хаагаагүй. Өөрөө хаагдах үндэс байхгүй гэдэг нь ойлгомжтой. Өөр хэн нэгэн хааснаас зайлахгүй. Тэгээд л магадгүй зоориноос гарч ирсэн амьтан эсвэл хэн ч юм зоорины хаалгыг буцааж хаасан байх.
Энэ үгийг сонссон Батжаргалын дотор арзасхийх шиг болов. Энэ мөчид ах нь яавч тоглоом тохуу хийхгүй гэдгийг тэрээр сайн мэдэж байлаа. Хамаг сэтгэл нь жихүүцэж бүр дагжин чичрэх мэт зогссон Батжаргал сэхээ авах гэсэн бололтой гарынхаа хоёр алгаар нүүрээ хүчтэй үрэв.
-Тэгвэл хоёулаа эхлээд танай гэрийн дээд давхрыг сайтар нэгжих хэрэгтэй юм бишүү?
-Тийм ээ, Үнэндээ дээд давхрын хэдэн өрөөгөөр орж үзье гэж бодсон ч Саруулыг харуулдсаар завдсангүй. Эхлээд зоорь луу орчихоод эсэн мэнд гарч ирэх юм бол дээшээ гаръя.
-Юу гэнэ ээ, эсэн мэнд гарч ирэхгүй тэгээд яана гэж?
-энэ зоорин дотор юу байгаа бас хэр зэрэг гүнзгий гээд л ер нь энэ зоорины талаар юу ч мэдэхгүй болохоор л тэгсэн хэрэг
Ахынхаа хэлсэн энэ үгийг сонсоод Батжаргал өөрийн эрхгүй эргэлзэв. Зоорины тагийг нээсэн бөгөөд доошоо хав харанхуй. Өнөөх доороос нь самардсан ул мөр ч Батжаргалын харцыг эрхгүй өөр лүүгээ татах шиг түүнд санагдаж сэтгэлийг нь айдас түгшүүр эзэмдээд авлаа. Түрүүн сонирхолдоо хөтлөгдөөд зоорь луу оръё гэж санал гаргасан бол одоо сонирхол нь айдсаар солигджээ. Ингээд түрүүхэн зэвсэг хэрэггүй гэж бардам дуугарч байсан булиа залуу гутлынхаа түрийнд хурц үзүүртэй тонгорог хийгээд гартаа хөнгөн хэрнээ бүдүүн турба атгалаа.
Галсан гар чийдэндээ шинэ батарей сольж хийгээд харанхуй зоорь луу доош тусгав.Ах дүү хоёрын өөдөөс нэг л ёозгүй жихүүн,хүйтэн агаар сэнгэнэх аж. Өглөө жорлонгийн нүхрүү буулгаж Банхрын цогцсыг авсан шатыг Батжаргал авчирлаа. Хэрлэн Оюунчимэг хоёр ирээгүй хэвээр. Доош ухагдсан зоорины урт нь ямартай ч шатнаас урт байх аж. Зоорины хана нь ямар ч доторлогоогүй, хөлдүү шороо байлаа. Шатныхаа дээд ирмэгийг хөлдүү шороон хананд тулгав. Галсан түрүүлж доош буулаа. Тэрээр зоорь луу буухдаа шалны ирмэгээс бариад дүүжлэгдэн байж өлмийгөө шатны хамгийн дээд талын гишгүүрт хүргэв. Батжаргал ч чийдэн тусган ахынхаа араас дагав. Тэд удалгүй зоорины ёроолд хүрлээ. Энд ямар ч чимээ аниргүй байх бөгөөд хэрэггүй болж шуудайлса нтөмөр эдлэл хог новш байх аж. Энэ зоорь хаалганыхаа хэмжээнээр хоёр алхмын дайтай илүү өргөн талбайтай байсан нь Галсангийн төсөөлж байснаас зөрөв бололтой. Энд үнэхээр хүйтэн байгаа ньГалсанд нэгийг бодогдуулах шиг болж хамга биеийг нь айдас эзэмдээд авав. Энд байх ч үнэхээр тэсэхийн аргагүй юм байна шүү гэж хэлснээ Галсан өөрөө мэдсэнгүй бололтой. Харин үүнийг нь хагас дутуу сонссон Батжаргал ах руугаа асуусан харцаар харсныг гэрэл муутай энэ харанхуйд Галсан анзаарсангүй. Батжаргал одоо яах ёстойгоо мэдэхгүй хэдэн тийшээ гэрлээ тусган зогсож байхад Галсан амандаа ямар нэгэн зүйлийг бувтнан чийдэнгээ доош тусган тонгойжээ.
-Энд үнэхээр хэн нэгэн байсан байна. Галсан ингэж хэлэхдээ дуу нь илт чангарч хурдхан энэ зоориноос гарах ёстойгоо мэдсэн юм шиг дээшээгээ яаран харав.
Батжаргал ахынхаа гэнэт ингэж чанга хашгиран асуухад цочсондоо гар чийдэнгээ газар алджээ.
-Хэн байсан гэж? Та юу олж харав?
Батжаргал ингэж хэлээд үгээ гүйцээж амжаагүй байхдаа газар унагасан гар чийдэнгээ авах гэж тонголзож байлаа. Тэр гар чийдэн нь хэдийнэ унтарчээ. Хэдийгээр Батжаргал асаах гэж оролдсон ч дахин гэрэл тусгаж чадсангүй. Одоо зөвхөн Галсангийн гарт байх чийдэн л асаалттай үлджээ. Галсан Батжаргалын асуултанд хариулсангүй. Зөвхөн эндээс түргэн гаръя гэж дүүгээ шамдуулаад шатны гишгүүрээс нэг гараараа барьлаа. Тэгтэл гэрт Хэрлэн Оюунчимэг хоёр ирсэн бололтой дээр хүний хөлийн чимээ сонсогдов. Тэгснээ гэнэт зоорины хаалга тас хийтэл савагдаж хаагдах нь тэр. Зооринд бүр ч харанхуй боллоо. Зооринд хичнээн хүйтэн байсан ч Батжаргалын нүүрэнд хөлс дааварлаж Галсан руу нуруугаараа налж гартаа барьсан төмрөө үл мэдэг далайв. Зоорины хаалга ингэж хаагдсанд Галсан яахаа мэдэхгүй бүр хөшиж орхижээ. Хав харанхуй бас тэсэхийн аргагүй хүйтэн орчин. Хаана юу байгаа нь үл харагдаж зөвхөн жихүүн агаар сэнгэнэх нь хэн нэгэн ирээд нүүр лүү үлээж байгаа ч юм шиг.
-Ах аа, хурдан дээшээ яваач ээ, эндээс гаръя
Батжаргалын ингэж хэлсэн нь Галсанг эрхбиш сэхээ авахад хүргэв. Галсангийн гар чийдэнгээ тал тал тийш тусган харахад тусгал нь тогтохгүй чичирхийлж байгаагаас үзэхэд түүнийг даарсан эсвэл айсан хоёрын аль нэгийг илтгэж байлаа. Галсан яг одоо өнөөх зүүдэнд нь үзэгддэд ад зэтгэрийн этгээд өөр лүү нь хүрээд ирэх юм шиг санаж айж түгшин чийдэнгээ хэдэн тийш нь хурдан хурдан тусган харна. Батжаргал тэссэнгүй “Ах аа яачихав аа. Хурдан дээшээ авираачээ” хэмээн дахин яаран хэлэв. Тэрээр гутлынхаа дүрийнд хийсэн хутгаа аль хэдийнэ гартаа атгаад амжжээ. Магадгүй энэ мөчид хаа нэгтэйгээс хэн нэгэн Батжаргалын гарнаас атгаад авлаа гэхэд тэрээр ямар ч өчиггүй хутгаараа бүлж орхиход бэлэн байв.
-Хэрлээн, чи дээр байна уу?
Галсангийн энэхүү чичирхийлсэн хоолойгоор чанга хашхиран асуухад хэн ч хариу хэлсэнгүй. Энэ хүйтэн зооринд ах дүү хоёрын амнаас уур гарах ньгар чийдэнгийн бяцхан тусгалд харагдаж байлаа. Галсан шатаараа дээш авирахад түүний зүрх хурдан хурдан цохилж муу ёр шүглэсэн энэ харанхуй хүйтэн зоориноос түргэхэн шиг гарахсан гэсэн бодол хамаг сэтгэлийг нь эзэмдээд байв. Энэхэн агшинд өөрийн нь хойноос хамгаас илүү хань түшиг тулгуур болж байгаа дүү нь яваа гэдгийг ч Галсан мартав бололтой. Шатны гишгүүрүүд дээр хичнээн хурдан хурдан гишгэлж дээшээ зүтгэсэн ч энэ удаад зам нь дэндүү холдоод байх шиг. Ингэсээр ашгүй Галсан шатны хамгийн дээд талын гишгүүр дээр хөлөө тавьлаа. Тэгмэгц Галсан яахаа мэдэхгүй хөших нь тэр.
-Галсан ахаа яачихваа. Хурдан наад хараал идсэн хаалгаа нээгээч ээ
Батжаргалын энэ цөхөрч хашхирсан үгийг сонсоод Галсан цочсондоо гар чийдэнгээ доош алдаж орхилоо. Пад харанхуй болов. Одоо энд зөвхөн ах дүү хоёрын амьсгалахаас өөр чимээ сонсогдохгүй байх аж. Ингэсээр нэлээд хэдэн хором өнгөрөхөд Галсан түрүүний дүүгийнхээ хэлснийг санав бололтой зоорины хаалгыг түлхэх гэж оролдлоо. Зоорины хаалга шатны хамгийн дээд талын гишгүүрээс нэлээд хол байгаа болохоор Галсангийн дөнгөж хурууны үзүүр л хаалганд хүрч байв. Галсан яг одоо түрүүн зооринд орохдоо буцаж гарахаа тооцоолоогүйдээ харамсаж байлаа. Зоорь луу буухад шат хангалттай хүрэхгүй шалны ирмэгээс гараараа дүүжлэгдэн байж бууснаа мэдсээр байж дээш гарахад хэцүү байх болно гэдгээ яагаад сэтгэсэнгүй вэ хэмээн өөрийгөө зэмлэх тэрээр хараал идмэр хэмээн амандаа үглэх аж.
-Батжаргал аа, яах вэ. Хаалганд гар хүрэхгүй байгаа болохоор сайн түлхэж чадахгүй байна.
-Би таныг доороос чинь өргөөд өгье. Миний хүзүүн дээр гишгээд наад новшийн хаалгаа хурдан нээж үз.
Галсан ч дахин юу ч хэлсэнгүй дүүгийнхээ үгэнд орлоо. Ингээд Батжаргал шатны дээд гишгүүр дээр хутга төмөр хоёр атгасан гараа тавьж цээжээ өргөхөд Галсан түүний мөрөн дээр гишгэн дээш цоройв. Одоо зоорины хаалгыг түлхэхэд хамаагүй дөхөмтэй болжээ. Тэгсэн ч хаалга гацчихав бололтой нээгдсэнгүй.
-Хэрлээн чи байна уу. Энэ хараал идсэн хаалгыг татаад өгөөч?
Галсангийн энэ цөхөрсөн гуйлтанд хэн ч хариу өгсөнгүй. Галсан хичнээн түлхэж байсан ч хаалга нээгдэхгүй л байлаа. Батжаргал ч гэсэн нэлээд ядарч байгаа бололтой “Ах аа нээгдэх нь үү?” хэмээн асуулаа. Харин Галсан үүнийг нь сонссонгүй зоорины хаалгыг балбан самардаж байв. Галсан зоорины хаалгыг нүдэхээ хэсэг азнаж бодолхийллээ.
Түрүүн дээр гарсан хөлийн чимээ Хэрлэн Оюунчимэг хоёрынх биш бол өөр хэнийх байх билээ. Мэдээж Хэрлэн байсан бол зоорины хаалгыг хаах нь битгий хэл ойртох ч үгүй. Үгүй ядаж хаалаа гэхэд эхлээд Батжаргал бид хоёрыггэрт байхгүй болохоор зооринд байгаа эсэхийг шалгаж харах нь дамжиггүй. Тэгэхээр энэ хаалгыг өөр хүн хаагаад магадгүй бүр түгжсэн хэрэг. Хаалга өөрөө хаагдана гэж байхгүй нь лав. Арай энд ингээд гацчихаж байгаа юм биш биздээ гэсэн бодол Галсанд төрж хамаг бие нь зарайгаад ирлээ. Гэтэл Галсангийн энэ түгшүүрт бодлыг ямар нэгэн зүйл тасалдуулахад хүргэсэн нь зоорины ёроолоос дуулдах чахарч шажигнасан чимээ байлаа. Шороо хөдөлж хэн нэгэн газар дороос гарч ирж байгаа ч юм шиг энэ чимээг Галсан Батжаргал хоёр хоёулаа сонсчээ.
....Түргэлээрэй түргэл, энэ муу новш чинь яасан хурдан ойртож байна аа. Айдас түгшүүрт автаж балмагдан сандарсан энэ үг Батжаргалын амнаас гарчээ. Галсан байдаг тэнхээгээрээ хаалгыг түлхэж балбасаар.
-Ээ новш гэж, ахаа түргэлээч ээ
-Одоохон...
Зоорины хаалга арайхийн сая нэг нээгдлээ. Зоорины хаалгыг нээмэгцээ Галсан доошоо ч харсангүй ум хумгүй дээш зүтгэн гарч ирэв. Галсангийн хамаг бие салганан чичирж магнайд нь хүйтэн хөлс чийхарчээ. Тэрээр яг л тамын хаалгыг арайхийн нээж гараад диваажинд ирсэн хүн шиг тэрхэн агшинд баярлах сэтгэлд автаж байлаа. Гэрт хав харанхуй байх бөгөөд энэ нь Хэрлэн Оюунчимэг хоёрыг ирээгүйг батлах аж.
Галсан Батжаргалыг одоо болтол зоориноос гарч ирээгүйг гэнэт саналаа. Ингээд Галсан өнөөх хараал идэж муу ёр шүглэсэн нүхэн зоорь луу яаран тонгойж харсан ч нүдэнд нь юу ч торсонгүй. Арга ч үгүй биз. Өрөө хав харанхуй, дээрээс нь угийн хүйтэн харанхуй зооринд хаана юу байгаа нь яахан харагдах билээ.
-Батжаргал аа чи яасан бэ?
-.../таг чиг/
-Батжаргал аа хариулаач ээ. Чи хаана байна аа, зүгээр үү?
Галсан хэдий ийнхүү хэдэнтээ хашхиран асуусан ч Батжаргал ямар ч хариу өгсөнгүй. Уг нь саяхан л мөрөн дээрээ гишгүүлж байсан дүү нь зоорины энэ хаалганаас холгүйхэн байгаа гэж таамаглаж байсан ч энэ нь худлаа гэдэг нь ойлгомжтой болов. Галсангийн хоолой цахиртан сааралтаж “Батжаргал аа” хэмээн хамаг чадлаа шавхан хашхирсаар. Тэрээр зоорь луу тонгойн элгээрээ хэвтэж байснаа год үсрэн босоод өрөөний гэрэл асаав. Өрөө гэрэлтэй болсноор Галсан бага ч гэсэн тайвшрав. Дүүдээ санаа зовсон тэрээр яахаа мэдэхгүй хэдэн тийшээ харж орчин тойрноо ажиж байснаа зоорь луу буцаж орохоор шийдэж огтхон ч эргэзсэнгүй зоорины сөхөгдсөн хаалган дээр хоёр ч том шуудайтай нүүрс тавиад доошоо буулаа. Энэ нь мэдээж зоорины хаалгыг дахин хаалгахгүй гэсэн санаа биз
-Батжаргал аа, амьд уу. Ямар нэгэн юм дуугараач ээ
-.../таг чиг/
-Ах нь одоохон, миний дүү тэсээрэй. Би доошоо бууж байна.
Галсан амандаа ийн үглэсээр түрүүн Батжаргалтай хамт доош унжуулж тавьсан шатныхаа дээд гишгүүр дээр хөлөө тавьлаа. Одоо Галсанд айдас төрөх бишдүүдээ санаа зовсон сэтгэл л бүх оюун ухааныг нь захирч байв. Уг нь түрүүхэн л ахыгаа мөрөн дээрээ гишгүүлээд яг энэ шатны гишгүүр дээр зогсож байсан дүү нь одоо тэр газраа байхгүй байгаа нь түүнийг доошоо унасныг нь илтгэх мэт. Гэхдээ түрүүн Галсан амь тэмцэн дээшээ мацаж гарахдаа хэн нэгний доошоо унасан ямар нэгэн чимээ огтхон ч сонсоогүй. Эсвэл магадгүй анзаараагүй биз.
Үхтлээ айсан байсан юм чинь. Сүүлийн энэ үгийг Галсан өөртөө зориулж амандаа шивнэсэн нь дүүгээ орхин өөрөө амь тэмцэн зугтсан сэтгэлээ хаацайлах гэсэн мэт.
Галсан бараг зоорины ёроолд тулж ирлээ. Шатны харалдаа нэгэн бараан лүглийсэн дүрс дөнгөж ялгарах төдий үзэгдэхийг хараад Галсан дүүгээ гэж бодоод үлдсэн шатны гишгүүр дээр гишгэлгүй шууд үсрэн буув.
-Батжаргалаа, миний дүү зүгээр үү? Хэмээн Галсан асууж өнөөх амьгүй мэт гулдайн хэвтэх залуугийн мөрнөөс сэгсрэв. Энд хав харанхуй байгаа учраас шууд Батжаргал мөн гэдгийг таахад бэрх байгаа нь Галсанд айдас төрүүлэхэд хүргэв. Арай нөгөө...
Тийм ээ, энэ этгээд арай Батжаргал биш байвал яах билээ гэсэн бодол яагаад ч юм Галсанд төрөөд болсонгүй. Ийнхүү тэрээр уг бодолдоо захирагдан ухаангүй гулдайн хэвтэх энэ хэн нэгэн этгээдийн биед дахин хүрэхээсээ цэрвэлээ. Галсанд яг одоо гэрэл хэрэгтэй байлаа. Амьгүй мэт гулдайн хэвтэх энэ хэн нэгэн этгээдийг хэн ч байж мэднэ хэмээн айж байгаа хэдий ч тэрээр Батжаргалыг биш гэсэн бодлоо бүрмөсөн орхисонгүй. Түрүүн доошоо унагасан гар чийдэнгээ Галсан гэнэт санаж газар тэмтчин хайж эхлэв. Ашгүй нэг их удсангүй түрүүн өөрийнхөө барьжбайсан гар чийдэнг олж тусгаж үзвэл ашгүй ажиллаж байв. Галсан гар чийдэнг ийнхүү олмогцоо шууд л өнөөх гулдайн хэвтэх этгээд рүү тусгаж харснаар Батжаргалыг мөн гэдэгт сая бүрэн итгэлээ.
-Батжаргал аа, чи яасан бэ. Амьд уу, ядаж өвдөж байна гэж хэлээч дээ
Галсангийн нулимс дуслуулан урсгасан энэ үг түүнийг үнэхээр цөхрөнгөө барж байгааг нь илтгэж байв. Батжаргал ямар ч хариу хэлэлгүй бас хөдлөлгүй гулдайн хэвтсэн хэвээр.Галсан дүүгээ өргөж дээш нь гаргахаар оролдож эхэллээ. Ядаж байхад Батжаргал дэндүү булиа, хүнд жинтэй болохоор түүнийг өргөх нь Галсанд тийм ч амар байсангүй. Галсан гар чийдэнгээ амандаа зууж доошоо харж хэвтсэн Батжаргалыг эргүүлэн царайг нь хартал нүд нь хагас аниатай ухаан алдсан шинжтэй байлаа. Тэрээр дүүгээ үхсэн эсэхийг нь нягтлахаар зүрхэн тушаа газар нь чихээ наан чагнавал ашгүй цохилж байх нь тэр.
-Батжаргал аа, ухаан ороорой хэмээн хацар луу нь хэдэнтээ алгадаж үзсэн ч нэмэр болсонгүй. Галсан дүүгээ нуруундаа үүрэхээр шийджээ. Дахиад л гар чийдэнгээ амандаа зууж дүүгээ дээш нь өндийлгөн татахад Галсангийн гар шингэн бүлээн зүйлийг мэдрэх нь тэр. Галсан арай ч үгүй байлгүй дээ хэмээн бодож тэр шингэн бүлээн зүйл юу болохыг ажиглавал үнэхээр Батжаргалын цус бололтой. Галсан бүр яахаа мэдэхээ айн сандарч эхлэх нь тэр. Ямар ч байсан хаанаа яаж бэртсэнийг нь олж мэдэхээр чийдэнгээ Батжаргалын биед нэгд нэгэнгүй тусган хараад учрыг олж мэдэв. Батжаргалын гартаа атгаж байсан өнөөх хурц иртэй тонгорог гуяыг нь айхтар гүнзгий хэрчиж орхижээ. Ингээд Галсан Батжаргалыг нуруундаа үүрч өндийлөө. Шатны гишгүүр дээр арайхийн гишгиж дээгээ авирах Галсангийн нүүрээр хар хөлс нь цутгаж гар чийдэн зуусан амнаас нь уур савсана. Дээр дахиад л хөлийн чимээ галаа. Галсан Хэрлэн Оюунчимэг хоёрыг байж мэднэ гэж бодоод хэдий орилохыг завдсан ч чадсангүй. Учир нь тусламж дуудлаа гэхэд амандаа зуусан чийдэнгээ алдана. Тэгээд ч Хэрлэн мөн бол бид хоёрыг хайгаад нээлттэй байгаа зоорь луу заавал тонгойж харах учиртай гэж боджээ. Галсан хамаг хүчээ шавхан дээш мацсаар л. Дээр хэдий хүний хөлийн гарч байгаа хэдий ч зоорь луу галын өрөөрүү зүглэхгүй байгаа бололтой. Гэтэл Оюунчимэгийн хэн нэгэнтэй ярих нь Галсанд сонсогдов. Ийм бүдэг дуулдаж байгааг бодоход дээд давхарт байгаа юм болов уу гэсэн бодол Галсанд төрөхтэй зэрэгцээ Хэрлэн Оюунчимэг хоёр тэр дээр юугаа хийж байдаг байна аа хэмээн бухимдах аж. Гэтэл Оюунчимэг үнэхээр хэн нэгэн эрэгтэй хүнтэй дээд давхарт яриад байгаа нь сонсогдох шиг. Арай түрүүний зоорины хаалгыг хаасан этгээд тэр дээр бйгаа юм биш биз гэсэн бодол ч Галсанд төрж дээшээ яаран зүтгэсээр.Одоо зоориноос гарахад шатны тав эсвэл зургаан гишгүүр л үлджээ. Галсан байдгаараа тонгойж нэг гараараа дүүгээ түшиж нөгөө гараараа шатны гишгүүрээс зулгаана. Дүүгээ нуруундаа үүрч авирч байгаа болохоор Галсанд дээшээ өнгийн харах ч боломж байсангүй. Ашгүй галын өрөөнд хэн нэгэн орж ирэв бололтой хөнгөн хөлийн чимээ гарснаа Хэрлэнгийн “Ээж ээ” хэмээн уулга алдан цочих нь сонсогдов. Тэгмэгц Галсан амандаа зуусан гар чийдэнгээ унагаад “Хэрлээн би энд байна” хэмээн хоолойныхоо чадлаар хашхирлаа.
-Галсаан чи юу. Чи тэнд байна уу?
-Тийм ээ, би байна. Түргэн ирээд туслаарай.
Хэрлэн сая нэг нээлттэй байгаа зоорь луу тонгойж харав.”Тэнгэр минь яана аа. Хурдан наашаа гараа өгөөрэй” хэмээн уйлагнан дуугарсаар Хэрлэн нөхрийн нь нуруун дээр ухаангүй гулдайн хэвтэх Батжаргалын мөрнөөс зуураад авлаа. Хэрлэн Оюунчимэгийг хэдэнтээ дуудан хашхирав.Ингэсээр Оюунчимэгийг ирэхээс өмнө эхнэр нөхөр хоёр дээр доороосоо дэмнэн эцсийн хүчээ шавхан байж Батжаргалыг арайхийн зоориноос гаргалаа. Батжаргалын хөлнөөс цус алдсан хэвээрээ байх бөгөөд араас нь Галсан арайхийн гарч ирээд түрүүлгээ харан унаад өгөв. Галсан бүх хүчээ шавхжээ. Зооринд байсан энэ хэсэгхэн хугацаа нь бүр хэдэн сар жил болов уу гэлтэй санагдаж байв. Галсангийн ар нуруу нь тэр аяараа улаан цусанд будагдсан байхыг хараад Хэрлэн муухай хашхиран яахаа мэдэхгүй сандарна. Ингэхэд нь Галсан арайхийн сэхээ авч эхнэрээ тайвшруулахыг оролдож эхэллээ.
-Миний хөгшин битгий санаа зов. Би яагаа ч үгүй. Батжаргал хөлөндөө бэртчихсэн, хурдхан шиг боогоод эмч дууд.
-Чиний ар нуруу чинь тэр аяараа цусанд будагдчихаж. Та хоёр яах гэж доошоо орсон юм бэ?
-Миний цус бишээ. Би яагаа ч үгүй. Батжаргалын хөлнөөс цус алдаад балрах нь.
Хэрлэн яахаа мэдэхгүй сандран зогссоноо “Оюунчимэг ээ, чи яачихав аа” хэмээн уурсан хашхирлаа. Очиж явна аа одоохон эгч ээ гэсээр Оюунчимэгийн яаран гүйх чимээ сонсогдов. Галсан Хэрлэн хоёр Батжаргалыг орон дээр аваачиж хэвтүүлэх санаатай хоёр талаас нь яаран өргөж эхлэхэд Оюунчимэг сая галын өрөөнд орж ирэв.
-Оюунчимэг ээ, миний дүү Батжаргал ахын чинь хөлөөс цус алдаад балрах нь, хурдхан шиг түргэн дуудаарай хэмээн хамаг хөлс нь цутгасан Галсан аахилахынхаа завсраар яаран хэллээ.
Гэтэл Оюунчимэг ёстой л нөгөө чөтгөр харав уу гэлтэй царай нь хувхай цайж хөшиж орхих нь тэр.
-Үгүй чи чинь яачихав аа хэмээн Хэрлэн тэсвэр алдан дүү рүүгээ хашхирахад Оюунчимэг “Энэ хэн бэ?” хэмээн Батжаргал руу зааж сулхан асуугаад ухрав.
-Оюунаа чи чинь солиорчихоо юу. Батжаргал ах нь байна шүү дээ. Тэр үхэх нь, чамтай тоглож байх чадал алга хурдхан шиг явж түргэн дууд сонсов уу?
-...Батжаргал ах дээр байсан
Оюунчимэг ийнхүү дуулдах төдий хэлээд буцаад дээд давхар луу ар нуруугаараа ухарсаар авирлаа.