logo
Нийслэлийн МАН-ыг Ц.Сундуй авах уу? Ц.Сумъяабазарт өгөх үү?

Нийслэлийн МАН-ыг Ц.Сундуй авах уу? Ц.Сумъяабазарт өгөх үү?

2014/02/05
 МАН дотор Нийслэлийн намын хороогоо хэнд өгөхөв гэдэг тун сонирхолтой томилгоо удахгүй өрнөнө. Хүн амын дийлэнхи хэсэг нь төвлөрдөг нийслэлийн намыг удирдана  гэдэг жижиг амбиц биш. Олны ам дамжин МАН-аас Нийслэлийг удирдах эрхмүүдийн нэр ч сонсогдож эхэлжээ.
 
Нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сандуйг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улируулан  ажиллуулж болох боловч тэрээр дүүрэг , хороо зэрэг анхан шатны байгууллагыг эс тооцвол намын жирийн гишүүд, дэмжигчдийн хувьд хийгээд олон нийтэд танигдсан кандитат биш. Тэгээд ч газрын наймааны элдэв асуудалд байнга нэр холбогддог түүний хувьд нийслэлийн намыг дахин удирдах боломж бараг л хасах хувьтай.  
 
МАН-д хотын фракц хүч түрсэн эдгээр томилгооны дараа хоттой нэр холбогддог хэн нэг эрхэмд нийслэлийн намын хорооны тамгыг атгуулахаас МАН-ын шинэ удирдлагууд аль болох зайлсхийх прогноз харагдаж байгаа.  Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа хотын фракц, зүүний хүчний холбооныхон дотор багагүй маргаан өрнүүлж, экс гишүүн Ц.Батбаяртай өрсөлдөж, нийслэлийн намын хороог хотын фракцын дэмжлэгтэй авч байсан Ц.Сандуй энэ удаад тоглоомын гадна үлдэх магадлал өндөр байна. Хотын намын даргаар хүчтэй яригдаж байгаа хүн бол УИХ-ын отгон гишүүн Д.Сумъяабазар.
 
Сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт, 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Д.Сумъяабазар, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргүүлэх эсэх асуудлаар АН,МАН хоёрыг хэлэлцээрийн ширээнд суулгаж,улс төрийн тохиролцоонд хүргэж амжсан Д.Сумъяабазарын хувьд оройхон гарч, ширүүхэн дарж буй улстөрч. Сонгинохайрханыг амлаж, ард нь гарсан тэрээр нийслэлийн намын байгууллагыг удирдах сонирхлоо намын удирдлагууддаа илэрхийлэх болсон гэнэ. Парламентын отгон гишүүн нийслэлийн намын байгууллагыг удирдах хувийн сонирхлоо илэрхийлж, “Би нийслэлийн авна. Хотыг бүхэлд нь гартаа оруулж байж л нэгдсэн бодлого явуулж чадна.
 
Та нар намайг зөвхөн бөх гэдэг нүдээр битгий хараад бай. Надад нийслэлийг бүхэлд нь удирдах амбиц байна” гэгчлэн хотын томилгоонд нөлөөтэй нөхдүүдтэй уулзаж, тал тохой татаж байгаа дуулдана. Хэдэн жилийн өмнөөс спортоосоо хөндийрч, хөрөнгө оруулалтын банк удирдах болсон отгон гишүүн Д.Сумъяабазарын хувьд боломжийн хувилбар боловч намын толгойд суусан хотын фракцынхны хувьд дэмжлэг авахгүй. Хэдийгээр тангараг өргөж УИХ-д суусан парламентын гишүүн боловч улстөрийн хүрээнийхэн Д.Сумъяабазарыг “спортын хүн” гэсэн нүдээр харж, улс төрийн тоглогчид тооцохгүй байгаа нь түүнд хасах оноо татаж байгаа нь лавтай. Ц.Сандуй, Д.Сумъяабазар нарын эсрэг хувилбарыг У.Хүрэлсүхийн фракц өрөг дээр өрнө.
 
Газрын наймаа, авилга хээл хахуульд нэр холбогдоогүй нэр цэвэр, бөх тэх гээд гүйгээд байдаггүй боловсролтой нөхрийг Сумъяабазар, Сандуй хоёрын эсрэг сөргүүлэх тавихаа ч тэд мэднэ. Улс төрөөс зай барьж бага хугацааны time out хийсэн У.Хүрэлсүхийг тун удахгүй улс төрийн тоглолтоо эхлэнэ гэх бор шувуу нисэх болсон нь оргүй ч үг биш бололтой. Хотын фракцад намын хэрэг эрхлэх газраа найр тавьсан У.Хүрэлсүхийн фракц нийслэлийн намыг өөрсдөө халааслах гэх нь мэдээж. Нийслэлийн есөн дүүргийг атгадаг Нийслэлийн намын байгууллагыг халаасандаа байлгах нь 2016 онд айдгаа авдартаа хийсэнтэй адил тул МАН дотор фракциуд нийслэлийн намын хороонд ноён суухаар алалцаж эхэлжээ.  
 
У.Хүрэлсүхийн толгойлдог залуучуудын фракциас чухам хэн гэгч аавын хүү нийслэлийн намын хороог авах ширүүхэн тулаанд зодоглох нь одоогоор нууц байна. Хэрэг эрхлэх газраа сул өгч найр тавьсан У.Хүрэлсүхийнхэн нийслэлийн даргын суудалд хүчтэй өрсөлдөнө гэдэг нэгэнт тодорхой тул хотын фракц тун айдастай байгаа бололтой. Намбарын Энхбаяр эх орондоо эргэж ирсэнээр хаврын улс төр эхлэх бол У.Хүрэлсүх эргэж ирсэнээр МАН доторх фракциудын тулаан гараанаас гарах нь. Шинэ долоо хоногийн улс төрийн уур амьсгал Нийслэлийн МАН-ын дарга хэн байхав гэсэн таамаг дунд өрнөж, нам доторх фракциуд нийслэлийн намын хорооны төлөө ширүүхэн өрсөлдөөнд хүч үзэх нь.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш