logo
Онлайн үерхэлийн цаана  далд аюул оршиж байдаг...

Онлайн үерхэлийн цаана далд аюул оршиж байдаг...

2014/02/06
Нийгмийн сүлжээ гэдэг хэдэн зуун сая бүртгэлтэй хэрэглэгчид холбогдож өөр хоорондоо мэдээлэл дамжуулах үйлдлийг хэлдэг, залуучууд зах хязгааргүй энэ сүлжээнд ихээр дурладаг. Гэсэн хэдий ч интернэт орон зайд үүсч байгаа харилцаа холбоо бүр аюулыг өөртөө агуулж байдаг, үүнийг та мэдэж байх шаардлагатай юм.

Нийгмийн сүлжээ сайтуудын үнэн байдал? Эдгээр сайтууд нь хүмүүсийг өөрсдийн хувийн мэдээллийг нийтлэх, зураг, сонирхол, тэмдэглэл зэргийгээ гүйцэд бөглөхийг шаарддаг, ингэснээр өөрт тохирох найз нөхөдөө түргэн хугацаанд олж авахад илүү хялбар мэтээр тайлбарладаг.

Асуудал юунд байна вэ? Эдгээр сайтууд бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татдаг араатнуудын сонирхлыг зүй ёсоор татдаг, өөрөөр хэлбэл хохирогчын талаарх мэдээллээ төвөггүй олж авах боломжтой байдаг. Илүү муу зүйл нь хүүхдүүд хэн нэгэнд гоё сайхан харагдах гэж хэт задгай зургуудаа сайтад байршуулах явдал юм.

Албан бус судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 38 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлдэг бол, 10-17 насны хүүхдүүдийн 46 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг, 16-17 насны хүүхдүүдийн 56 хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг байна.

Нийгмийн сүлжээ сайтууд хүмүүсийн хувийн мэдээллийн байнга шаарддагаас гадна хүүхдүүд бусдад их найз нөхөдтэй харагдахын тулд бодит амьдрал дээрээ таньж мэдэхгүй хүмүүсийг найзын жагсаалтандаа оруулдаг нь бас нэг том эрсдэл юм. Тэд интернэт орчинд бичсэн зүйлсийг буцаах боломжгүй, тэднийг найз нөхөдөөс нь гадна гэмт этгээдүүд харж байгааг мэдэлгүй учраас мэдээллээ нийтэлдэг.

Хэрхэн сэргийлэх вэ?

- Хүүхдийнхээ интернэт ашиглалтанд онцгой анхаарч хяналт тавьж байх
- Интернэтэд мэдээллээ ил тавих нь тийм ч чухал биш гэдгийг хүүхдэд ойлгуулах
- Аюулгүй ажиллагаа, мэдээлэл бүхий сайтуудаар зочилдог байх
- Гэмт хэргийн шинжтэй үйлдэл ажиглагдсан тохиолдолд хуулийн байгууллагад тухай бүр мэдэгдэж байх
- Өөрийн хүүхэддээ интернэтэд тавьсан зүйлсээ хэзээ ч буцаан авах боломжгүй байдаг гэдгийг ярьж ойлгуулах
- Зөвхөн таны хяналт доор хүүхэддээ интернэтэд ямар нэг мэдээлэл тавьж байхыг зөвлөх
- Тэдний найзын жагсаалт, хувийн мэдээллийг тогтмол шалгаж үзэж байх
- Бодит амьдрал дээр таньж мэдэх хүнээ найзын жагсаалтдаа бүртгэж байхыг сануулах
- Зохимжтой дэлгэцийн нэр болон хоч хэрэглэж байхыг анхааруулах
- Хүчтэй, аюулгүй нууц үг ашиглаж сурах талаар харилцан ярилцах
- Онлайн байдлаар хүүхэдтэй тань харилцаж байгаа этгээдүүдийн талаар тогтмол асууж, ярилцаж байх
- Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхад суралцаж, хэн нэгэн этгээд харьцаа тогтоохыг хүсвэл эцэг эхдээ мэдэгдэж байхыг сануулах
- Сэжигтэй мессеж, санал хэн нэгнээс хүлээж авбал уншихгүй байх, хариу өгөхгүй байж эцэг эхдээ мэдэгдэж сургах
- Та хүүхдийнхээ ашиглаж байгаа интернэт сайтууд, программ хангамж, аппликэйшн зэргийн талаарх өөрийн мэдлэгийг тогтмол дээшлүүлж байх
- Гар утсыг битгий мартаарай, тэд яг компьютертэй адилхан үүрэг гүйцэтгэж чадна шүү !!!

Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш