logo
2014 оныг байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болголоо

2014 оныг байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болголоо

2014/02/07
БОНХЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ оныг “Мэдээлэл бол баялаг” уриатайгаар “Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил” болгосныг мэдээллээ. Хүлэмжийн хий, агаарын бохирдол, дэлхийн дулаарал гээд байгаль орчны бохирдлын маш олон асуудал Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд ноцтой яригдаж байгаа. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэдээлэлжүүлэх нь төрийн үүрэг гэж үзэж байгааг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд мэдээлэл хийхдээ хэлсэн юм.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү”санаачлагын хүрээнд гарсан зарлиг болон Засгийн газрын тогтоолоор мэдээллийн ил тод байдлын шинэ журам гарган мөрдөж эхэлж байна. Энэ санаачилгыг салбартаа хэрэгжүүлэхээр БОНХЯ-наас зорилго тавьсан. Нөгөөтэйгүүр байгаль орчны салбарын төлөвлөлт мэдээлэл, судалгаа дутмаг байснаар гүйцэтгэл үйл ажиллагаа хангалтгүй болох нь өнгөрсөн хугацааны ажлын туршлагаас нотлогдож байгаа. Тиймээс байгаль орчны мэдээллийг төлөвлөлтдөө ашиглах эргэлт хийх гэж байна” гэж мэдээллийн ил тод байдлын жил болгосон шалтгаануудын талаар тайлбарлав.

Жилийн ажлын хүрээнд Байгаль орчны мэдээллийн төвийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, төвийн мэдээллийн санг баяжуулж бүх түвшний хэрэглэгчийг хэрэгцээтэй мэдээллээр хангах юм. Байгаль хамгаалах тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан журмын дагуу байгаль орчны мэдээллийн 22 дэд сан байхаас одоогийн байдлаар 14 нь бүрджээ. Тодруулбал, өнөөгийн байдлаар байгаль орчны мэдээллийн улсын санд 60 гаруй  мэдээллийн мета өгөгдөл,  60 гаруй сэдэвчилсэн зураг, 1697  улсын болон орон нутгийн хамгаалалтанд авсан тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээ, 300 гаруй үзүүлэлт бүхий байгаль орчны төлөв байдал, нөөцийн статистик тайлан мэдээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 4022  тайлан, ерөнхий үнэлгээний 3600 дүгнэлт, 1950 гаруй эвдэрсэн газрын мэдээ, 1300 гаруй химийн хортой болон аюултай бодисын лавлах мэдээ болон ашиглах зөвшөөрөл авсан 600 гаруй хуулийн этгээдийн мэдээ зэрэг нийтдээ 2600 гаруй  мэдээ ороод байна.

2014 онд байгалийн нөөцийн үндсэн дэд сангууд болох ойн нөөцийн болон усны мэдээллийн сангуудыг байгуулах, хамгийн гол нь байгуулагдсан дэд сангуудыг мэдээ мэдээллээр баяжуулах зорилт тавин ажиллаж байна.

2014 онд хийх чухал ажлын нэг нь Төсвийн хөрөнгө оруулалтын нээлттэй байдал болон төрийн мөнгөөр бараа худалдан авах ажиллагааг олон нийтэд ил болгох. Өмнөх Засгийн газрын үед байгаль орчны салбарын 10 гаруй хууль шинээр батлагдсан. Үүний нэг нь  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль. Байгалийн нөөцийн орлого юунд зориулагдаж байгаа нь тодорхой байх ёстой. Жишээ нь, байгалийн 5 төрлийн нөөц ашиглая гэвэл төлбөр нь орон нутгийн төсөвт орно. Тус хөрөнгөөр  ширгэж буй гол горхио хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулагдахаар хуульчлагдсан нь хэрхэн хэрэгжиж байгааг олон нийтэд ил болгоно. Нээлттэй болгохын тулд яамнаас санхүүгийн дотоод аудитыг энэ чиглэлээр хийж хянана. Тухайлбал, тухайн орон нутагт хэн байгалийн нөөц ашиглаад хэдэн төгрөгийн орлого оруулсан, тэр орлогыг хэрхэн зарцуулсан байна гэдгийг олон нийтэд мэдээлнэ гэсэн үг юм.

Мөн байгаль орчны статистик мэдээлэл, түүнийг тооцох аргачлалыг боловсронгуй болгохоор зорьсон. Энэ хүрээнд БОНХ-ийн Сайд С.Оюун, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нар өнгөрсөн сард “Байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах санамж бичиг”-т гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд байгаль орчны статистик үзүүлэлтийг боловсронгуй болгон тооцох маягт, аргачлалыг шинэчлэх, Байгаль орчин, эдийн засгийн данс бий болгох, ногоон эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлал, арга зүй, нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллана.

Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жилийн хүрээнд ус бохирдуулагч, хүлэмжийн хийн болон ойн,хог хаягдлын нэгдсэн тооллого бүртгэл явуулж мэдээллийн санг баяжуулах, агаар бохирдуулах хаягдлын тооллого хийх аргачлалыг боловсруулах зэрэг ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

 Жилийн ажлын хүрээнд төрийн үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн олон ажил тусгагджээ. Тухайлбал, яамнаас олгодог 20 тусгай зөвшөөрлийн  олгох тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, хувийн хэвшил иргэн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчийн ажлын үнэлгээг онлайнаар авах зэрэг ажлыг ирэх долоодугаар сарын 1-н гэхэд бэлэн болгохоор бэлтгэж байна. Мөн салбарын үйл ажиллагааг вэб хуудсаараа дамжуулан ил тод болгох, иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн албан тоот, өргөдөл аль шатандаа явааг цахим хэлбэрээр хянадаг системийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна 2014 онд байгаль орчны салбарт төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг аплейкшн хэлбэрээр гар утсан дээрээ авах боломжийг бүрдүүлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш