Бүгд Найрамдах Турк Улсын “Мармара” сангаас жил бүр зохион байгуулдаг Европ, Азийн Эдийн засгийн дээд хэмжээний 17 дахь уулзалт Истанбул хотноо 2014 оны 2 дугаар сарын 5–нд эхлэв. Тус уулзалт “Дэлхийн хэмжээгээр сэтгэж, орон нутагтаа хэрэгжүүлье” сэдвийн дор болж, Торгоны зам дагуу эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудалд голлон чиглэж байна. Энэ жилийн уулзалтанд 30 гаруй орны төлөөлөгчид ирснээс Ерөнхий сайд, сайд, парламентын гишүүд болон төрийн тэргүүн байсан олон зүтгэлтэн оролцож байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Зам,тээврийн дэд сайд Х.Ержан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, П.Халиун болон Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг нар тус уулзалтад оролцон, П.Очирбат, Х.Ержан нар үг хэлж, Монгол Улс Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжилд оролцох боломж, бодлого, хэрэгжүүлэх арга замын талаар санал, бодлоо илэрхийлэв.
“Мармара” сангийн Ерөнхийлөгч, доктор Аккан Сувер Монголын төлөөлөгчдөд баяр хүргээд цаашид Монгол, Туркийн харилцааг хөгжүүлэхэд тус сангаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан БНКазакстан Улсын Зам, тээврийн сайд Аскар Жумагалиев-тэй уулзаж, хоёр улсын хооронд авто болон агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан БНКазакстан Улсын Зам, тээврийн сайд Аскар Жумагалиев-тэй уулзаж, хоёр улсын хооронд авто болон агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.