Арга хэмжээнд Олон улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Жонсон, Ардчилал болон олон улсын сонгуулийн туслалцааны институтээс НҮБ-ын дэргэд суугаа Байнгын ажиглагч М.Томмасоли, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч нар оролцож, дэлхийн хэмжээнд ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулж, улмаар тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад ардчилсан засаглалын асуудлыг тусгах нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Байнгын төлөөлөгч О.Оч ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг дэмжих болон авилгатай тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлсэн байна. Иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр бодит үр дүнд хүрч байгааг мэдээлэв.
2005 онд Монгол Улс засаглалыг сайжруулах нь хүний хөгжлийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгуур нөхцөл болохыг онцолж, ардчилсан засаглал, хүний эрхийг дэмжихэд чиглэсэн Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг баталсан дэлхийн анхны орон болсоныг төлөөлөгчид онцлон тэмдэглээд, Монгол Улсын ололт амжилт, туршлага нь дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлж байгааг тэмдэглэж байв.