logo

"Ойн цэвэрлэгээ" хөтөлбөр баталлаа

2014/02/08
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.

Өнөөгийн байдлаар ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн ой эзэлж байна. Үүний зэрэгцээ цэвдэгт хөрс багасч байгаагаас хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, 2 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1,5 тэрбум төгрөгийн шууд зардал гарчээ. Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээний ажлыг орхигдуулсантай холбоотой. Ойд их хэмжээний хуурай мод хуримтлагдаж, шатах материалын нөөц нэмэгдэх нь түймэр гарах үндэс болдог байна. Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойг цэвэрлээгүйгээс модны таваарлаг чанар муудаж, зөвхөн түлшний хэрэгцээ хангах төдий болж байгаа нь үндэсний баялаг болсон ойн эдийн засгийн ач холбогдлыг ихээр бууруулж байна гэж салбарынхан дүгнэжээ.

Өнөөдөр баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайн нарийвчилсан судалгаа хийх, талбай тусгаарлалтын ажилд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж гүйцэтгэх, ойн цэвэрлэгээг экосистемд сөрөг нөлөөгүйгээр зохион байгуулахыг БОНХ-ийн сайдад даалгалаа. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ойн цэвэрлэгээ хийх "Ногоон ажлын байр" бий болгон мэргэжлийн ур чадвар олгохыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болгосон байна. Харин цэвэрлэгээгээр бэлтгэсэн модон түүхий эдээр шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн технологитой үйлдвэрүүд байгуулах ажлыг Үйлдвэр, хөдөө ахуй, Эдийн засгийн хөгжлийн сайдууд хариуцна. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 15,5 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөж унасан болон хатсан, мод бэлтгэсэн талбайн үлдэгдлийг цэвэрлэх энэ ажлыг ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна. Ойн сан бүхий аймаг, сумын Засаг дарга нар хүн хүчээр дэмжих үүрэг хүлээнэ.

“Ойн цэвэрлэгээ” төсөл 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш