logo
АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцав

АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцав

2014/02/13
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр / 2014.02.12 / Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь санал солилцлоо.

  Уулзалтын эхэнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт гишүүн орноор элсэж, тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдсаны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон тухай дуулгав. Мөн энэ хугацаанд манай улс тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны болон бүсийн гэрээний төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, технологи, аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүлж, 92 хувийн амжилт гаргасныг Олон улсын атомын энергийн агентлагаас өндрөөр үнэлснийг танилцуулсан юм.


 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрыг 50-иад жилийн хугацаанд цөмийн болон цацрагийн хяналт хийж, олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг өндрөөр үнэлээд цаашдаа монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө цөмийн технологийн энхийн хэрэглээний талаар олон нийтэд зөв ойлголт бий болгоход анхаарч ажиллахыг зөвлөв.

 Ингээд танилцуулгатай холбогдуулан Цөмийн энергийн газрын удирдлагуудаас олон нийтийн анхаарал татаж буй хэд хэдэн асуултад хариулт авч, зарим үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш