logo
Сайд Л.Болд Хоккайдод зочлов

Сайд Л.Болд Хоккайдод зочлов

2014/02/13
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 10-нд Саппоро хотноо зохиогдсон "Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааны семинар"-т оролцож үг хэлэв.

Тэрбээр Байгаль, цаг уурын хувьд төстэй Монгол, Хоккайдогийн хооронд газар тариалан, мал аж ахуй, барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, ЖДҮ, соёлын салбарт өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэлээ. Семинарыг Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Хоккайдо мужийн захиргаа, Хоккайдогийн Олон улсын хамтын ажиллагааны төвөөс  хамтран зохион байгуулж, Япон Улсын ГХЯ албан ёсны дэмжлэг үзүүлсэн бөгөөд Хоккайдогийн олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээний 180 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Семинарт оролцсон Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара сайд Л.Болдод бараалхаж өнгөрөгч онд хоёр улсын Ерөнхий сайд нарын байгуулсан "Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд, түүнд дурдагдсан Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар Монгол Улсад Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулж 7.5 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж, Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахын төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. Хоёр тал НҮБ-ын зарим олон улсын байгууллагын сонгуульд бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.  

Хоккайдо мужийн захирагч Х.Такахаши Гадаад харилцааны сайд Л.Болдод зоог барилаа. Хатагтай Х.Такахаши Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө  хүч чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлж, мужийн захиргаандаа Монгол Улстай хөгжүүлэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа мэдэгдэв. Сайд Л.Болд Саппоро хотын цасны баярыг үзэж сонирхон, уг баярт ирэх жилээс манай улсаас төлөөлөгчид оролцуулж, Хоккайдо мужийн аялал жуулчлалын туршлагаас Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мужийн захирагч Х.Такахаши эл саналыг талархан хүлээн авч, хамтран ажиллахаар тохиров.

Сайд Л.Болд Япон улсын Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Зүүн Азийн "ТОА" судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Цүтомү Такэбэгийн хувийн зочноор Хоккайдо мужийн Абашири, Китами хотуудад зочлов. Китами хотноо Монгол, Японы Гадаад хэргийн сайд нарын ивээл дор "Монгол, Японы урлагийн хамтарсан концерт" тоглож, 600 гаруй хүн үзэж сонирхлоо.

Сайд Л.Болд энэ онд Улаанбаатар хотноо зохиогдох ЗХА-ийн орнуудын хотын дарга нарын хуралд Абашири, Китами хотуудын дарга нарыг оролцохыг урив.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш