Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн нэг жилд Уран зохиолын хичээл 195 цаг ордог гэж үзвэл хүүхдүүд 12 жилд нийт 2340 цагийг Уран зохиол судлалд зарцуулдаг байна. Энэ нь 12 жилийн сургалтын тогтолцоо руу шилжсэнтэй холбоотойгоор өмнөхөөсөө 146 цаг нэмэгдсэн гэсэн үг юм. Өнгөрч буй долоо хоногийн турш Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай яриа олны анхаарлын төвд байв. Гэвч энэ мэдээлэл ямар ч ор үндэсгүй зүйл гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай мэдээллийг анх нэвтрүүлсэн үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч ярилцлага авахдаа “Уран зохиолын хичээлийг Монгол хэл, Нийгмийн ухааны хичээлтэй холбож заахаар туршиж байгаа” гэснийг бүр мөсөн хасна гэж ойлгон мэдээлсэнээс энэхүү шуугиан дэгджээ.