logo
Нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй

Нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй

2014/02/15
  Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв” энэ 7 хоногт иргэдээс 934 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл хүлээн авчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэл, Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан иргэд цөөнгүй байлаа. Энэ асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар “Нийгмийн халамжийн тэтгэвэр Засгийн газрын 2014 оны 16-р тогтоолоор энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 115,000 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон. Тогтоолыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан тул нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй. Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг 2 дугаар сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ” гэсэн хариулт өглөө.
Мөн амины орон сууц худалдан авах болон орон сууц барьсан иргэдийг 0,8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, 0,8 хувийн зээлд хамрагдаж байгаа байрны талбайн хэмжээг нэмэх талаар санал ирүүлжээ. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д амины орон сууц худалдан авах иргэдийг хамруулах, инженерийн дэд бүтцэд холбогдсон өөрийн өмчлөлийн газарт амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдийг зээлд хамруулах чиглэлээр, мөн 0,8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа орон сууцны талбайн хэмжээг нэмэх асуудалд  өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш