logo
Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 5 барилгын үйл ажиллагааг зогсоожээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 5 барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2014/02/17
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад өнгөрсөн сард хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтад нийт 5 дүүргийн 45 барилга дээр ажиллаж буй 164 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Харин Чингэлтэй, Багануур, Налайх дүүргүүдэд барилгын ажил зогссон байсан учраас хяналт, шалгалт явуулаагүй байна. Шалгалтад хамрагдсан дээрх аж ахуйн нэгжүүдээс барьж буй барилгын талаар олон нийтэд харагдахуйц мэдээллийн самбарыг байрлуулаагүй, барилгын ойролцоо гадна зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, барилга дотор дохио санамж анхааруулга тэмдэг хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, дохио, санамж байрлуулаагүй, барилгын материал, багаж тоног төхөөрөмжийг барилгын норм дүрэмд заасны дагуу хадгалж байрлуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, тухайн ажлын онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж, ажилтанд зааварчилгаа өгч хэвшээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар  албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлснээс гадна  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага  хангаагүй  Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ЭФ-Ай-Кэй-Эй-Эн-Жи” ХХК, “Юнико констракшн” ХХК, “Аморе оргил “ХХК, “Оточ ноёдууд” ХХК, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Форус” алюмуниум ХХК-ийн барилгын үйл ажиллагааг улсын байцаагчийн  актаар зогсоожээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллагаагүй 10 аж ахуйн нэгж байгууллагад 5,5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, барагдуулсан байна.

Ер нь өвлийн улиралд барилгын үйл ажиллагаа явуулах нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг зөрчих маш том эрсдэл болдог байна.  Барилгын талбайд ажиллах ажилтныг  дулаацах, халуун унд хоолоор хангах асуудлыг аж ахуйн нэгжүүд бүрэн шийдээгүй, хүйтэнд өмсөх тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллаагүйгээс болж ажилтнууд ажиллаж явцдаа даарч, бээрэх улмаар осол аюулд өртөн эрүүл мэндээрээ хохирох зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарсаар байгаа юм. Тиймээс цаашид гадаах ажилбар болон дулаанаа аваагүй барилгад ажил гүйцэтгэхийг хориглох шийдвэрийг гаргуулах шаардлагатай  байгааг холбогдох байгууллагаас хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш