Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо, Багахангайн пост, Налайхын 4-р зөрлөг дэх пост, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодод Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24 цагаар ажиллан байнгын хяналт тавьж байна. Өнөөдрөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах юм. 2014 оны 02-р сарын 15-ны өдрөөс эхлэн Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд тус дүүргийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, ариутгал эко цит, павидон иод зэрэг ариутгалын бодисоор ариутгал халдваргүйтгэл хийж байна. Өнөөдрөөс эхлэн Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар дээр ажиллаж буй товчоо, постонд ариутгалын цэгийг нэмж гаргахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд мал бүхий 1 124 өрхийн 160 231 толгой малыг мал эмнэлгийн үзлэг, тандалт шинжилгээнд хамруулжээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд ямар нэгэн өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагчид мал эмнэлгийн эмч нартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн “Шүлхий” өвчинтэй тэмцэх заавар болон, мал амьтнаас хүнд халдварладаг “Боом”, “Бруцеллёз”, “Галзуу” өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.