1992 онд байгууллагдсан ашгийн бус Белазия байгууллага нь Азийн улс орнууд, ард түмэнтэй найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж нийгэм, эдийн засаг, соёл урлагийн харилцааг хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Бангладеш, Лаос, Монгол, Непал, Шри Ланка, Филиппины ЭСЯ-дууд, Хятад, Индонез, Тайландын авиа компаниудын төлөөлөл, Азийн улс орнуудтай хамтран ажилладаг Бенелюксийн орнуудын аялал жуулчлалын болон ТББ-ууд оролцож Азийн орнуудын үндэсний гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган соёл урлагийн тоглолтуудыг сонирхуулж, аялал жуулчлалын сурталчилгаа хийхийн зэрэгцээ ази хоолоор үйлчлэн ажиллав.
Энэ үеэр Элчин сайд Х.Даваадорж улс орныхоо улс төр, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлж, Өргөмжит консул Пол ван Вүүв Монгол орны үзэсгэлэнт байгаль, ургамал, ан амьтан, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг харуулсан зургуудаар дамжуулан тайлбар яриа хийж, фото зургийн үзэсгэлэн гарган Монгол Улсыг сурталчилсан байна.
Түүнчлэн Индонез, Энэтхэг зэрэг улсууд Европын Ази судлалын хүрээлэн, ЕХ-ны Гадаад бодлогын болон Худалдааны газруудтай хамтран ЕХ-той хийж буй худалдаа, хөрөнгө оруулалт ба энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа өөрсдийн орны бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас БВУ-д суугаа ЭСЯ-тай хамтарч Бельги дэх Монгол Улсын Өргөмжит консул Пол ван Вүүв, Нидерланд дахь Өргөмжит консул Эдди Шипхорст нар болон Монгол-Бельгийн нийгэмлэг, “Гана кашмир” компани, монгол иргэдийн сайн дурын "Мираж" хамтлаг идэвхтэй оролцож улс орноо сурталчилсан бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МИАТ компани сурталчилгааны материалаар дэмжлэг үзүүлжээ.