logo
Ажлын хэсэг хуралдлаа

Ажлын хэсэг хуралдлаа

2014/02/19

Шинэчлэлийн Засгийн газраас зөвшөөрөл, лиценз  олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын  тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн нийт зөвшөөрлийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргадаг. Тус ажлын хэсэг 2013 оны 9-р сараас 2014 оны 1-р сар хүртэлх хугацаанд 54 байгууллагаас олгож байгаа нийт 914 зөвшөөрлийг хэлэлцээд эдгээрээс 404-г хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээх, шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг дээд шатны буюу Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгээр хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр тус ажлын хэсэг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон зөвшөөрөл олгодог төрийн байгууллагын төлөөлөлтэй хамтран нээлттэй хуралдаан зохион байгууллаа.  Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог “Барилга барих хүсэлт хүлээн авч шийдвэрлэх, Барилгын эх зураг батлах, Инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг хүлээж авах, хянах, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн талаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж, дараа дараагийн хуралдаанд оруулж ирэхийг даалгалаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог 62 тусгай зөвшөөрлийг хоёр дахин багасгаж, саналаа ажлын хэсэгт дахин оруулж ирэхээр шийдвэрлэлээ. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлүүдийг ойлгомжтой, нээлттэй болгон цахим хэлбэрт шилжүүлж, зарим зөвшөөрлийг  мэргэжлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлэх  арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэн олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, бизнес эрхлэгчдэд учирдаг дарамт шахалтыг арилгах нь ажлын хэсгийн гол зорилго гэж ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хуралдаанд оролцогсдод хандаж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.      

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш