logo
Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно

Авто худалдааны цогцолборын эхний ээлж 7 сард ашиглалтад орно

2014/02/21
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах  ажиллаж байгаа юм байна.  Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 11-ний өдрийн А/936 тоот захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 сарын 10 –ны өдрийн дугаар 6/6 тогтоолыг үндэслэн СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргажээ.  “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн байна. Мөн хөдөө орон нутгаас орж ирж байгаа автозамын сүлжээ шинээр төлөвлөж байгаа Авто худалдааны цогцолборт  шууд хүрэх учраас хотын төвийн замын ачаалал буурна гэж тооцжээ. Авто худалдааны төв орчим нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл одоогоор байхгүй бөгөөд 22-ын товчооноос 1,3 км зайд нийтийн тээврийн эцсийн зогсоол байршуулах боломжтой юм. Цогцолбороор үйлчлүүлэх иргэдэд зориулан Улсын дугаарын тоо бүртгэлийн газрыг Авто худалдааны төвд барих оффисын барилгад байршуулахаар төлөвлөсөн байна.

Таван жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол энэ жилийн наадмаас өмнө 14 000 автомашины  талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулах юм байна. Эдгээр зогсоолуудыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлнэ. Зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх юм. Үүнээс олсон орлогоороо Авто худалдааны цогцолборын бусад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна. Авто худалдааны чиглэлээр зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинэ цогцолборт  давуу эрхээр зогсоол эүэмшүүлэхээр төлөвлөж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд,  Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Мөн Авто худалдааны төвийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулан, дүрмийг баталлаа. Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш