logo
Экваторын Гвиней Улстай дипломат харилцаа тогтооно

Экваторын Гвиней Улстай дипломат харилцаа тогтооно

2014/02/21
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Экваторын Гвиней Улстай 2 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Экваторын Гвиней Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Анатолио Ндонг Мба нар гарын үсэг зурав.   

Экваторын Гвиней Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв."
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш