logo
Тайландад жагсаалын үеэр дэлбэрэлт болжээ

Тайландад жагсаалын үеэр дэлбэрэлт болжээ

2014/02/24
Тайландын нийслэл Бангкок хотын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт иргэдийн жагсаж байсан газрын ойролцоо бөмбөг дэлбэрсний уршгаар 2 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтсэн байна. Central World худалдааны төвийн ойролцоо болсон энэ дэлбэрэлтийн дараа амиа алдсан хоёр хүний нэг нь 12 настай хүү байжээ. Энэ хэрэг явдлаас хэдэн цагийн өмнө Тайландын зүүн хэсгийн нэгэн мужид зэвсэгтэй этгээдүүд засгийн газрын эсрэг жагсаж байсан иргэд рүү гал нээж, 5 настай охины аминд хүрсэн гэж BBC мэдээллээ.

Жагсагчид ерөнхий сайд Йинглак Чиннаватаас огцрохыг шаардсан ч тэрээр энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзаад байгаа юм. Тайландын сөрөг хүчнийхэн Йинглакийн тэргүүлдэг засгийн газрыг түүний ах, ерөнхий сайд асан Таксин Чиннават удирдаж байна хэмээн үзэж, өнгөрсөн 11-р сараас хойш жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Мөн тэд энэ сарын эхээр явуулсан парламентын сонгуулийг бойкотолсны зэрэгцээ санал авах байруудын 10 орчим хувьд нь санал хураалт саатсан  учраас нөхөн сонгууль явуулах шаардлагатай болжээ. Тайландад 2006 онд цэргийн эргэлт гарч, Таксиныг төрийн эрхнээс хүчээр буулгаснаас хойш тус улсад ихээхэн хагарал үүсээд байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш