logo
Энэ онд 10 мянган залуусыг ажилтай, орлоготой болгонo

Энэ онд 10 мянган залуусыг ажилтай, орлоготой болгонo

2014/02/24

Монголын Залуучуудын Холбоо 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн гол зохион байгуулагч буюу гүйцэтгэгчээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажилласан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн юм.

Өнгөрсөн жил “Сумын залуус” төсөлд оюутан залуучууд маш идэвхи санаачлага гарган оролцож, 21 аймгийн 330 суманд нийтдээ 1200 гаруй залуус эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. Мөн “Ажлын гараа” төсөлд 420 гаруй залуучууд хамрагдаж, 21 аймагт бүтээн байгуулалтын ажилд оролцжээ. Түүнчлэн ҮХААЯ, Улсын ургацын комисстой хамтраад намрын ургац хураалтын ажилд 500 гаруй оюутан залуусыг ажиллуулсан бол “Цагийн ажил” төслөөр 1000 гаруй залуусыг цагийн болон түр, байнгын ажилд зуучилсан байна.

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийнхөө чуулга уулзалтыг 2013 оны 10 дугаар сарын 26-нд “Төрийн ордон”-д хийсэн. Уг уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар оролцож уг төсөл, хөтөлбөрүүд оюутан, залуучуудад хүрсэн далайцтай, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа болсоныг цохон тэмдэглээд, 2014 онд 10000 залуучуудыг дэмжиж, ажилтай, орлоготой болгоё гэдэг санал, санаачлага гаргасан байна.

Тиймээс энэ он гарсанаар “Бүтээн байгуулалт-2014”, “Сумын залуус” зэрэг төслүүдийн хүрээнд залуусыг бүртгэж байна. Мөн дээрх төслүүдтэй холбогдуулаад 2014 оны 01 дүгээр сарын 21-нд www.myjob.mn сайтыг ашиглалтанд оруулж, оюутан залуусыг онлайнаар бүртгэж, ажилд зуучилж эхлээд байгаа юм байна.

Түүнчлэн МЗХ нь 21 аймаг 9 дүүрэгт өөрсдийн салбар холбоодтой бөгөөд эдгээр холбоодоор дамжуулж бүртгэл явуулж байгаа ажээ.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш