logo
“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлэг болно

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлэг болно

2014/02/25
МҮОНРТ-ийн MNB.MN сайт, “Олуулаа” клуб "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"-оос хамтран зохион байгуулж буй “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” шилдэг нийтлэлийн уралдааны талаарх хэвлэлийн бага хурал өнгөрсөн даваа гарагт боллоо. Хуралд MNB.mn сайтын ахлах редактор Э.Болортулга, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Х.Мөнхзул, Хүний Эрхийн Үндэсний Комиссийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референт Ц.Бадмаараг, Жендэрийн Үндэсний Хорооны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Батцэцэг, Олуулаа клуб "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"-ны дарга Б.Цолмонбаяр нар оролцлоо.   
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг гэмт хэрэг хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч манай улсад энэ талаарх мэдээлэл дутмаг байдгаас болж энэ талын гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болоод байна. Монгол Улсын хэмжээнд 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан гаргасан байдаг. Гэсэн хэдий ч энэ хуулийн хэрэгжилт өнөөдөр төдийлөн хангалтгүй байгаа нь нийгмийн сэтгэлзүй гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэггүйтэй холбоотой. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч ч гэсэн энэ тал дээр мэдлэггүйгээсээ болж хууль, хяналтын байгууллагад мэдэгдэлгүй хүчирхийлэлд өртсөнөөр амь насаа алдах харамсалтай хэрэг гардаг байна. 2010 онд Үндэсний стратегийн хорооноос гаргасан судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа судалгаа гарчээ. Түүнчлэн 2010 оноос хойш 41 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан байна. 1780 хүн энэ гэмт хэргээс болж гэмтжээ. Иймд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү нийтлэлийн уралдаанаар хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг хүчирхийллийг өөгшүүлэхгүй, буруу сэдэл өгөхгүй, хохирогчийг олон нийтэд зарлах байдлаар нэмэлт сэтгэл санааны дарамт үүсгэдэггүй байх, хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг халахад ямар арга зам, гарц байгаа, хууль эрх зүйн орчинд хэрхэн өөрчлөлт оруулах зэрэгт анхаарал хандуулахыг зорьж буй юм.  
 
Сонин, сайт, сэтгүүлийн сэтгүүлчдийн дунд зохион байгуулагдаж байгаа энэхүү уралдааны материалыг 2014 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 3-ны хооронд хүлээн авна. Харин уралдааны дүнг гурадугаар сарын 6-ны 09 цагт Төр захиргааны XI байрны Дугуй танхимд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уриан дор зохион байгуулагдах сэтгүүлчдийн нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр тодруулна гэж хэвлэлийн хурлын үеэр шилдэг нийтлэлийн уралдааныг зохион байгуулагчдын зүгээс онцлов.
 
Энэхүү уралдааныг дээрх байгууллагуудаас гаднаХүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, НГХУСАЗ зөвлөл, Монголын Сайтын Холбоо, МҮОНРТ, “Satellite power”ХХК, Daimond press club, Өдрийн сонин, Ардчилал сонин, "Үндэсний шуудан" сонин, Улс төрийн тойм сонин, Р3 фм 100.9 зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна. Нийтлэлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулах бөгөөд Нэгдүгээр байрт шалгарсан нийтлэлд өргөмжлөл, 1.5 сая, хоёрдугаар байрт өргөмжлөл, 1 сая, гуравдугаар байрт өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулах юм байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш