-Зүүн аймгуудад шүлхий өвчин гарч багагүй асуудал дагуулаад байна. Шүлхий өвчний талаар танаас зарим асуудлыг тодруулж асуумаар байна л даа...
-Одоо би энэ ажлыг хийж байгаа биш надаас чухам юу асуух гэсэн бол доо.
-Та өмнө нь ХХААХҮ-ийн дэд сайд байхдаа Зүүн аймагт гарсан шүлхийтэй тэмцэх ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан санагдаж байна. Ер нь энэ өвчин хэр хурдацтай тархдаг юм бэ?
-Энэ өвчин агаар дуслын замаар халддаг учраас тархац нь маш хурдан шүү дээ. Үүнийг зогсоохын тулд бид их хүч, хөдөлмөр гаргаж, өдөр шөнөгүй ажилласан. Түүний үр дүнд ч богинохон хугацаанд зогсоож чадсан. Маш аюултай, эдийн засагт хохиролтой, ард түмний сэтгэл санаанд ч дарамттай халдварт өвчин.
-Өвчилсөн малыг заавал устгах шаардлага байна уу. Дээхнэ үед малын амыг сойздож угааж эдгээдэг байсан гэдэг юм байна лээ?
-Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартын дагуу устгаж байж голомтыг арилгадаг. Сойздож угааж эдгээх боломжгүй, дээр үед эм хэрэгсэл байгаагүй тул ийм аргыг хэрэглэж байсан байж болох юм. Дэлхийд ийм аргаар шүлхийн голомтыг устгасан тохиолдол байхгүй.
-Тэгвэл махыг нь идэж болдог уу. Буцалгаад идэхэд асуудалгүй гэх юм билээ?
-Шүлхийтэй махыг буцалгаад идэхэд зүгээр, хүн хийгээд адуунд халддаггүй гэж ярьдаг л даа. Гэхдээ шүлхийтэй мах идэхэд юу нь таатай байхав дээ. Тэгээд ч олон улсын хэмжээнд шүлхий гарсан газраас мах авахгүй байна гэдэг нэгийг хэлж байгаа хэрэг. Сүүлийн үед эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярьж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын ярьсан энэ зүйл бол байж болшгүй асуудал. Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн стандартаар бид ажиллах ёстой. Тэр ч байтугай вакцин хийлгэсэн малын махыг зургаан сарын хугацаанд идэж болохгүй гэсэн зааварчилгаа өгдөг. Гэтэл бид асуудалд мэргэжлийн бус сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.
-2010 онд шүлхий гарахад танай багт ямар, ямар хүмүүс ажиллаж байсан бэ?
-Тухайн үед бид шүлхийн голомтод ажиллах багийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдээс гадна ОБЕГ, МХГ, БОЯ, мал эмнэлгийн эрдэмтэд, хүчний байгууллагын ажилтнуудаар бүрдүүлж, нийт 70 хоног ажилласан. Манай багт доктор Оргил, малын гавьяат эмч, доктор Доржсүрэн, доктор Дамдиндорж, Гамшгаас хамгаалах газрын дарга, гамшгаар мэргэшсэн хурандаа Цогтбаатар, доктор, малын гавьяат эмч Содномдорж, биологийн ухааны доктор Лхагвасүрэн болон бусад нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Ийм чадварлаг баг бүрдүүлж чадсаны ачаар харьцангуй богино хугацаанд шүлхий өвчнийг зогсоож чадсан.
-Таныг хөндлөнгөөс хараад байхад одоо ямархуу ажиллаж байх шиг байна?
-Ажиглаж байхад шүлхийн тархац олон аймгийг хамарч, газар авах шинжтэй байна. Хамгийн хачирхалтай санагдаж байгаа нь Улсын Онцгой комиссын дарга нь шүлхий гарч байхад ОБЕГ-ын даргатайгаа гадаад явж, мэргэжлийн яамны сайд, газрын дарга нар нь үл тоосон шинжтэй Баянхонгорт удирдах ажилтны зөвлөлгөөн хийж суух юм. Үүнд ганцхан би биш, мэргэжлийн олон хүн гайхаж сууна. Энэ бол тухайн ажлыг удирдан зохион байгуулж, чиглүүлж өгөх ёстой төрийн төв байгууллагууд ийм ноцтой асуудалд яаж хандаж буйн илрэл юм. Өвчний голомтод ажиллах ёстой гол хүмүүс нь зугаалж явахад энэ ажил ямар байдалтай байгаа нь ойлгомжтой шүү дээ. Энд ҮХААЯ-ны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гол үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ хүн тухайн салбарын нарийн мэргэжлийн хүн байх учиртай. Гэтэл энэ газрыг математикийн багш хүн удирдаж байна. Бас л Баянхонгорт явна лээ. Явахаас өөр яахав, ямар шүлхийд очоод тоо бодох биш дээ.
-Яамдын сайд, дэд сайдууд нь мэргэжлийн бус хүн байж болно. Нэгэнт улс төрийн томилгоо байдаг, харин баг нь мэргэжлийн хүмүүс баймаар юм?
-Тиймээ, таны хэлж байгаа зөв. Гэхдээ сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар нь төрийн ажил хийж байсан, тодорхой туршлагатай хүмүүс байх ёстой гэж би боддог.
-Мэргэжлийн хүмүүс хэвлэл мэдээллээр вакцины талаар янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Вакцины нөөц байхгүй гэдэг юу гэсэн үг вэ. Та нар тухайн үед вакцины асуудлыг яаж шийдэж байсан бэ?
-Вакцины нөөц байхгүй гэдэг бол ерөөсөө байж болохгүй асуудал. Вакцины нөөц багасаад ирэхэд л тендерээ зарлаад түүний нөөцийг маш яаралтай бүрдүүлж байх ёстой. Энэ бол Засгийн газар, Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй ажиллаж байгаагийн шинж. Мөн мэргэжлийн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хугацаа нь дууссан, идэвхгүй вакцин хэрэглэж байна гэж ярьж байх юм. Үнэхээр тийм бол туйлын харамсалтай байна. Бид вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон бусад шаардлагатай хэрэгслээр дутаж байгаагүй. Энэ бол ажлын хариуцлагын асуудал л даа. Вакцины нөөц багадаад ирэнгүүт л бид захиалгаа өгөөд дүрэм журмын дагуу бэлтгэж эхэлдэг байсан. Ер нь Засгийн газар гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой. Энэ бол ямар ч үед Улсын онцгой комиссын анхаарлын төвд байх асуудал юм.
-Цаад газраас нь чанаргүй вакцин нийлүүлсэн байж болох уу. Вакцины чанар алдагдана гэдэг хаанаа алдаа гарсных юм бол?
-Вакцин нийлүүлж байгаа орон бол чанартай вакцин өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Тээвэрлэлтийн явцад алдаа гарч чанар алдагдсныг үгүйсгэхгүй. Хэрэв үнэхээр тийм бол чанаргүй вакцин нийлүүлсэн байгууллага, албатууддаа хариуцлага ярих хэрэгтэй биш үү. Эсвэл төрийн алба нь төрлийн алба болоод хариуцлага ярихаа больсон байж болох юм.
-ОБЕГ-ын дэд дарга Д.Дарь Сүхбаатар саяхны ярилцлагадаа энэ өвчнийг Монгол Улсад санаатай оруулж байхыг үгүйсгэхгүй гэж хэлсэн байсан. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна...
-Дарга нар алдаагаа хоёр хөршөөс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Энэ бол маш хариуцлагагүй үг шүү дээ. Манай хоёр хөрш санаатайгаар манай орон руу шүлхий илгээсэн гэж үү. Үгүй. Хоёр хөршид шүлхийн голомт байна уу гэвэл байна. Энэ өвчин малд агаар дуслын замаар халддаг гэдгийг Д.Дарь Сүхбаатар дарга уг нь сайн мэдэж баймаар. Уг нь энэ бол удирдагч хүний амнаас гарах үг биш л дээ.
-Та дэд сайд байхдаа Баруун бүсийг шүлхийгүй эрүүл бүс гэж ярьдаг байсан. Гэтэл зун Баян-Өлгийд шүлхий гарлаа. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Тиймээ. Бид Засгийн эрхийг барьж байхдаа Баруун бүсийг шүлхийгүй бүс гэдэг ДЭМБ-ын шалгуурыг хангаж, “Эрүүл бүс” гэсэн зөвшөөрлийг авахаар Франц улсад саналаа явуулсан байсан. Харамсалтай нь энэ Засгийн үед баруун бүс шүлхийтэй бүс болж хувирлаа. Хэрэв эрүүл бүс гэсэн зөвшөөрлийг авсан бол Монголын эдийн засагт ашигтай байсан. Баруун бүсийн малын махыг бид ямар ч улсад экспортлох эрх олж авах байсан. Тухайн үед шүлхий гарсан хугацааг нуун дарагдуулснаас болж малчид багагүй хохирол амссан гэж хэвлэлээс уншиж, ард иргэдээс сонсож байсан. Харин тэгэхэд хэнд ч хариуцлага тооцоогүй дарга нарын толгойг илээд өнгөрөөсөн. 2010 онд биднийг чуулган дээр УИХ-ын гишүүд шүлхийг алдчихлаа, хариуцлага алдлаа гээд барьж идэх шахдаг байсан. Түүний нэг нь одоогийн Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва сайд өөрөө байсан. Одоо харин Засгийн газар Улсын онцгой комисст хариуцлага ярих цаг болсон.
-Одоо юм болгоныг улстөржүүлдэг болжээ. Та шүлхийтэй тэмцэх ажлын хэсгийг ахалж байхад улстөржих хандлага байсан уу?
-Хариуцлага алдсан бол улстөржих байсан байх л даа. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь бол Ардчилсан намын гишүүн хүн. Энэ хүнтэй би 70 хоног ам муруйгаагүй, улстөржөөгүй үүргээ гүйцэтгэж ирсэн. Ж.Батсуурь дарга дайчин, ажилсаг, шүлхийтэй тэмцэх талаар тодорхой туршлагатай болсон нэгэн. Харин одоо түүнийг Улсын онцгой комисс ажиллах нөхцөл, мөнгө төгрөгөөр яаж хангаж байгаа юм бол доо. Одоо эрх барьж байгаа улс төрийн хүчин маань шүлхийтэй тэмцэх ажилд хайнга хандаж байна. Ерөнхий сайд, Шадар сайд, мэргэжлийн яамны сайд нь энэ өвчнийг тоосон шинжгүй, нэг нь ерөнхий боловсролын сургуульд физикийн хичээл заасан шигээ, нөгөө нь намдаа зуу зуугаар нь гишүүн элсүүлэх гээд шоудаж, салбарын сайд нь Баянхонгорт зөвлөгөөн хийсэн шигээ тайван явж байна. Саяхан очихдоо ч ганцаараа очиж байна лээ. Мэргэжлийн багтай очих ёстой шүү дээ. Шүлхий өвчний ард олон малчин түмний аж амьдрал, эрх ашиг хөндөгдөж, сэтгэл санааны хүнд дарамт болж байна. Ийм байдлаар ажиллавал шүлхий өвчин Улаанбаатарт орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс улс төр, янз бүрийн шоугаа болиод энэ аюултай өвчнийг яаралтай зогсооход гол анхаарлаа хандуулж, эрч хүчтэй, хурдтай ажиллах шаардлагатай байна. Д.Тэрбишдагва сайдад Монголын малчин түмний эрх ашиг, ард түмний амьдралын эх үндэс болсон мал сүрэг улс төрөөс илүү үнэтэй баймаар юм.
Ч.БҮЖИН