logo
Техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхийг НИТХ дэмжлээ

Техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхийг НИТХ дэмжлээ

2014/03/01
НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүцтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр асуудлыг танилцууллаа.
“Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан бөгөөд “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан юм.  Гэхдээ энэхүү аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, төсвөөс ямар нэг хөрөнгө авахгүй гэдгийг тэрээр онцоллоо.  Эхний ээлжинд шинэ техникийн захын худалдааны чиглэлээр ашиглах зогсоолуудыг түрээслэн бүтээн байгуулалтын хөрөнгө босгох юм. Урьдчилан тооцож байгаагаар талбайг борлуулснаас олох ашиг болох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулна. Мөн авто экспо явагдах цогцолборын барилга, оффисын барилга барих эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Эдгээр хөрөнгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлж эргээд ажилчдын цалин болон бүтээн байгуулалтын чиглэлээр зарцуулах юм байна.

Энэхүү цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг байна. Үүнээс гадна 26 цэгт 1000 орчим суудлын автомашин, 8 цэгт хүнд даацын 200 гаруй автомашины худалдаа эрхэлдэг газар байдаг байна. 
СХД-ийн ИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто худалдааны цогцолбор” барих зориулалтаар эзэмшүүлэх  СХД-ийн 32-р хороо, 22-ын товчоо орчмын 130 га газрыг урьд нь карерийн зориулалтаар ашиглаж байсан, байгаль орчны үнэлгээ хийсэн бөгөөд зайлшгүй нөхөн сэргээх газар юм байна.
Тиймээс энэ газарт авто худалдааны цогцолбортой хамт 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.
Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу  СХД-ийн 32-р хороо,  хуучнаар “22”-ын товчоо, Эмээлт орчим нь хотын шинэ дэд төв байхаар төлөвлөж байгаа газар юм.
Монгол Улсын төвийн болон баруун аймгаас ирж байгаа авто замын сүлжээ “Авто худалдаа“-ны цогцолборт шууд хүрэхээс гадна төлөвлөлтөөр шинээр барих, өргөтгөх зам, хурдны зам нь энэ төвтэй шууд холбогдох юм байна. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа 7000 гаруй автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг газруудыг шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцжээ.
“Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөг боловсруулахдаа  энэ чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал авсан бөгөөд тэдний саналыг тусгажээ.
НИТХ-ын төлөөлөгчид,  “Авто худалдааны цогцолбор” байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэд хэдэн эргэлзээтэй, цаашид сайжруулах шаардлагатай асуудал байгааг хэлсэн юм.
Тухайлбал, “Авто худалдааны цогцолбор” байгуулснаар шинэ захад худалдаа эрхлэх газрыг зохицуулсан журам байх шаардлагатай, “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, чиг үүргийг тодорхой болгох, давхар түрээслэх, нэг хүн хэдэн хэдэн газар авч болох үгүйг зохицуулах,  хэзээнээс газрын дуудлага худалдааг эхлүүлж, авто худалдааны газруудыг нүүлгэн шилжүүлэх, одоо худалдаа үйлчилгээ явуулж байгаа 7000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид давуу эрх олгох эсэх зэргийг маш тодорхой болгож хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө  боловсруулах шаардлагатай байна гэсэн юм.
НИТХ-ын хуралдаанаар төлөөлөгчдийн хэлсэн саналын дагуу “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг дахин боловруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоол баталлаа.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг 3 дугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Засаг дарга танилцуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш