logo
2013 онд нийслэлийн иргэдээс ирсэн 463 504 өргөдлийн 86,3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ

2013 онд нийслэлийн иргэдээс ирсэн 463 504 өргөдлийн 86,3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ

2014/03/01
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар Иргэдээс төрийн  байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын 2013 оны шийдвэрлэлтийн байдалд хийсэн хяналт, шинжилгээний тухай асуудлыг хэлэлцлээ.
Хяналт, шинжилгээний талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/651 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж ажиллажээ. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 463 504 өргөдөл, гомдлыг нийслэлийн нутгийн захиргааны 80 байгууллага хүлээн авчээ.Иргэд өргөдөл, гомдлын 2,2 хувийг амаар, 74,2 хувийг бичгээр, 21,8 хувийг утсаар, 1,8 хувийг цахим хэлбэрээр гаргасан байна. Харин агуулгын хувьд 0.06 хувь нь талархал, 16,1 хувь нь санал, 78,2 хувь нь хүсэлт, 5,5 хувь нь гомдол мэдүүлсэн байна.
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 86,3 хувийг буюу 400 194-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол 1,5 хувь буюу 6835-ыг хуулийн хугацаа хэтэрч шийдвэрлэсэн байна.
Харин нийслэлийн Иргэд хүлээн авах төв Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Баягаль орчин ногоон хөгжлийн газартай хамтран 22 нэр төрлийн үйлчилгээг нэг цэгийн зарчмаар иргэдэд хүргэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг 6 эх үүсвэрээр хүлээн авч байгаа нь иргэд хаана ч, хэдийд ч өргөдөл, гомдол гаргах түүнийхээ шийдвэрлэлтэд өөрсдөө хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, хялбаршуулах зорилгоор “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  гар утсаар шууд өргөдөл, гомдол гаргах үйлчилгээг 2013 оны 12-р сараас туршилтын байдлаар нэвтрүүлээд байна.
Өргөдөл, гомдол шийдвэрлэхэд олон шат дамжлага байгаагаас хугацаа алдах тохиолдол гарч байгаа тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нэгжийн удирдлагууд анхаарч, өргөдөл, гомдолтой хугацаа алдахгүй танилцаж, шийдвэрлэлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг албаныхан анхаарууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш