logo
Нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих туршлагатай танилцлаа

Нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих туршлагатай танилцлаа

2014/03/07
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ажил хийж нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлдөг  иргэд  цалингийн орлогоороо орон сууцанд орох боломжийг бүрдүүлэх “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал холбогдох албаныхны хамт  Австрийн “Bilfinger Bohr-und Rohrtechnik”  компанийн дэд бүтцийн чиглэлийн дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг сонслоо.
Австрийн инженер Karl Tretller хуучин цахилгаан станцыг дотроос нь шинэчилж, хүчин чадлыг нь ихэсгэх боломжтой. Монголын нөхцөлд нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих боломжтойг дуулган бусад орнуудад хэрэгжүүлсэн дулаан үйлдвэрлэх технологио танилцуулсан. Мөн олон жил болсон хуучны орон сууцыг нураалгүйгээр гаднаас нь перлит ашиглан шавардаж дулаалах боломжтойг дуулгав.  Ингэснээр барилгын насжилт нэмэгдэн үл хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх давуу талтайг онцолсон юм.
Мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг дарга “Орон сууцны 30 хувийн урьдчилгаа мөнгө өгөх хуримтлалгүй, моргейжийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэддээ зориулж нийслэлээс орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь орон сууцны даатгалын шинэ системийн эхлэл болж байна. Энэхүү орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтэц инженерийн шугам сүлжээний дэлхийн шинэ дэвшилтэт техник технологийг Монголдоо нэвтрүүлэн төвлөрсөн дулаан хангамжинд уягдахгүй байх хэрэгтэй байна. Орон сууцны хорооллууд баригдаж эхлэхэд ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбарын хөгжин, шинэ техник технологиуд нэвтэрч, гадаадын  хөрөнгө оруулалт нэмэгдэх давуу талтай” гэдгийг онцлон хэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш