Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг танилцууллаа.
Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөр боловсруулж, дүүргийн хүн амын тоонд дүйцүүлэн хороодод дунджаар 100-200 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож, энэ оны төсөвт 15.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм.
НИТХ-аар батлагдсан нийслэлийн "2013-2016 оны нийгэм эдийн засгийн зорилт"-д энэ асуудал тусгагдсан бөгөөд “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс авсан санал асуулгад иргэдийн дийлэнх нь бичил бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газраас явуулсан судалгаанд хамрагдсан өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ зээлийг олгохдоо иргэдэд зээлийн нөхцөлийг аль болох хялбарчилж, хүү бага, барьцаа уян хатан байхаар төлөвлөж байна.
Тодруулбал зээлийн хугацаа 18 сар, зээлийн хүү жилийн 5-8 хувь байна гэж үзэж байгаа юм. Бичил бизнесийн зээл нь ашгийн бус учраас хүүгийн орлого нь зөвхөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулагдах юм. Бичил бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын төсөлд зээлийн хэмжээг одоогоор таван сая төгрөг гэж тогтоожээ. Аль болох олон өрхөд хүрч үйлчлэхийн тулд зээлийн хэмжээг ийнхүү бага тогтоосон байна. Зөвхөн зээл олгоод зогсохгүй бүтээгдэхүүнээ худалдах, борлуулах үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрөөр давхар зохицуулах юм. Нийслэл болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авах боломжтой бүтээгдэхүүний жагсаалт гаргаж бичил бизнесийн зээл авч үйлдвэрлэл эрхлэж байгаа өрхөөс худалдан авах юм. Хөтөлбөрт нийслэлийн 152 хорооны бичил бизнес эрхлэн ажлын байр бий болгон амьжиргаагаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй ажилгүй иргэн, өрх, бүлэг хамрагдах бөгөөд тухайн хороонд хөршийн холбоо байгуулан тус холбоо нь шаардлага хангасан төслүүдийг шалгаруулан, санхүүжилт олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
НИТХ-ын дарга Д.Баттулга, “Бид ажилгүйдлийг буурлуулах, нийслэлийн иргэдэд бодитой хөрөнгө оруулалт болж чадах энэхүү хөтөлбөрийг НИТХ-ын 3 дугаар сард болох хуралдаанаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Харин хэрэгжүүлж эхлэх үед гарах эрсдлээс сэргийлэхийн тулд өнөөдөр та бүхэнтэй уулзан санал солилцож байгаа юм. Та бүхний хэлсэн саналыг хөтөлбөрийн төсөлд тусган боловсруулна” гэлээ.
НИТХ-аас хөтөлбөрийг баталсан тохиодолд “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг ямар байдлаар хэрэгжүүлэх, хэрхэн зээлд хамрагдах, хэзээ эхлэх зэрэг нь тодорхой болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.