logo
С.Батболд: Батлан хамгаалах салбар батжин бэхжиж, монгол улсын сүр хүч, сүлд хийморь болж байх болтугай

С.Батболд: Батлан хамгаалах салбар батжин бэхжиж, монгол улсын сүр хүч, сүлд хийморь болж байх болтугай

2011/09/09
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа батлан хамгаалах салбарын баярын арга хэмжээний нээлтэд өнөөдөр оролцлоо. Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон энэ арга хэмжээнд  Ерөнхий сайдыг очиход манай улсын батлан хамгаалах салбарын үе, үеийн гавъяатнууд болон уригдан ирсэн гадаадын  улс орны зэвсэгт хүчний төлөөлөгчдийн тэргүүнүүд хүндэтгэн угтлаа.
Орчин үеийн Батлан хамгаалах салбарын түүх нэгэн зуун жилээр бичигдэж байна. Энэхүү түүхийг бүтээлцэж, улс орныхоо батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулсан алдар гавъяатнууд, ахмад буурлууд, зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ойн баярын мэндийг дэвшүүллээ.
Монгол Улсын сүр хүч батлан хамгаалах салбартаа байж ирсэн. Тиймээс түүхийн бүхий л явцад батлан хамгаалах яам нь онцгой үүрэг гүйцэтгэсэн чухал салбар байсаар ирснийг Засгийн газрын тэргүүн  тэмдэглээд цаашид ч энэхүү байр сууриа хэвээр хадгална гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Түүнчлэн батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн 100 жилийн түүхээ үйл хэрэг, үйлс гавъяагаараа баяжуулж, амжилт ололт, алдаа дутагдлаа эргэцүүлэн дүгнэж, алс хэтийн хөгжлөө тодорхойлж их ойн баяраа утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүссэн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш