logo
“Төр ба Иргэн” өдөрлөг эхэллээ

“Төр ба Иргэн” өдөрлөг эхэллээ

2011/09/09
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор зохион байгуулж буй “Төр ба Иргэн” өдөрлөг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багаас эхэллээ. Өдөрлөгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү нээсэн. Хэдийгээр цаг агаар таагүй, цас орж шуурч байсан ч багийн төвд 150 гаруй хүн хүрэлцэн ирж, өдөрлөгт оролцсон байна.
Тарагт сумын Туяа баг 750 орчим хүн амтай, 230-аад өрхтэй. Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэн олон. Багийн төвдөө эмнэлэг, таван жилийн сургуультай. Өнгөрөгч гуравдугаар сард УИХ-ын дэд дарга Г.Батхүүг ирэх үеэр багийн эмч унаатай болох, багийн төвийг шинээр барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. “Төр ба Иргэн” өдөрлөгт ирсэн иргэд энэ асуудлыг холбогдох газруудад нь тавьж шийдвэрлэж өгсөнд талархаж байлаа. Иргэдийн уулзалтын эхэнд УИХ-аас баталсан хууль тогтоомж, бодлого, шийдвэр, цаашид хийхээр зорьж буй ажлын талаар бэлтгэсэн мэдээлэл, хамтаараа хөдөлмөрөө хоршиж хэрхэн хөгжиж болох тухай баримтат киног үзүүлсэн. Дараа нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монголын баг, сумдын холбоог байгуулснаа дуулгаад, иргэдийн сонирхсон асуултад хариулж, НХХЯ, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд нийгмийн халамж, даатгал, Хүний хөгжил сан, хувьцааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Орон нутгийн иргэд Тавантолгойн хувьцааг хэрхэн эзэмших, үр өгөөжийг нь яаж хүртэх, ягаан, цэнхэр тасалбар гэхчилэн олон сэдвээр асуулт асууж байлаа. Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол секуритис” брокерийн пүүс энэ үеэр иргэдэд хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлсэн. Мөн нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг оношлогоо явуулж, ЭХО, лабораторийн шинжилгээ авсан. “Төр ба Иргэн” өдөрлөг төрийн үйлчилгээг багийн иргэдэд хүргэж, иргэн, төрийн харилцааг ойртуулж буйгаараа онцлог, ач холбогдолтой боллоо хэмээн Туяа багийнхан үнэлж байсан юм. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, “Төрийн үйлчилгээ багийн иргэдийн гэрийн хаяанд ирнэ гэдэг онцгой чухал арга хэмжээ. Төр, иргэний харилцааг чухалчилсанд аймгийн удирдлагууд дэмжиж, талархаж байна” хэмээлээ.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ. Сайн сайхан амьдрах, улс орноо хөгжүүлэхийн төлөө хүн өөрөө эхэлж хичээж зүтгэх нь чухал” гээд Монголын баг, сумдын үндэсний холбоог байгуулсан зорилго нь “Баг, сумыг хөгжүүлж байж улс орон хүчирхэгжинэ” гэдэгт чиглэж буйг онцоллоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн бүх багийн Засаг дарга нарыг компьютержүүлэхээр шийдвэрлэжээ. Тиймээс өдөрлөгийн үеэр Тарагт сумын Туяа болон бусад багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер гардуулав. Түүнчлэн Туяа багийн сургуульд суурин компьютер бэлэглэлээ.
Иргэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх сонирхолтой байна
“Төр ба Иргэн” өдөрлөг Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багт үргэлжиллээ. Сумандаа томоохонд тооцогдох Бадрал баг 1200 гаруй хүн амтай, 330-аад өрхтэй, иргэд нь мал аж ахуй эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна. Өдөрлөгт 200 гаруй хүн ирж оролцон, хүссэн мэдээллээ авч, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаж, цирк, урлагийн тоглолт үзэж нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Мөн өдөрлөгийн үеэр шүдлэн насны морьдын уралдаан болж, Монголын автомашин, мотоциклийн холбооноос нутгийн залуусын дунд мотоциклийн уран жолоодлогын тэмцээн зохион байгуулсан юм. “Төр ба Иргэн” өдөрлөг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн зэрэгцээ урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, мотоциклийн тэмцээн, хурдан морины уралдаан зэрэг цогц хөтөлбөртэй.
Бадрал багийн иргэд УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон Монголын баг, сумдын үндэсний холбоо, НХХЯ, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүдээс тодруулах олон асуулт, санал шүүмжлэлтэй ирсэн байсан. Тухайлбал, хувийн сургууль төгсч ирсэн залуучуудад ажил олддоггүй, тиймээс олон хувийн сургуулийг цэгцлэх шаардлагатай гэж байв. Хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд малын гаралтай түүхий эдийн үнийг төр тогтоох боломжгүй юу гэсэн санал ч гарлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Хөдөөгийн малчдын амьдралыг сайжруулахын тулд мал аж ахуйг тогтвортой, найдвартай байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, байгаль цаг агаараас хамааралтай мал аж ахуйг өөрчилж, эрчимжүүлэх нь чухал. Малыг эрүүлжүүлж, үүлдэр угсааг сайжруулж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малаас гарч буй ашиг шимийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Дэлхийн банкны судалгаа бий. Дөрвөн ам бүлтэй, 120 гаруй малтай айл жилийн турш малаа маллаж, ашиг шимийг нь авсан ч өрхийн төсөв нь алдагдалтай гарсан байдаг. Тэгэхээр мал аж ахуйгаа эрчимжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах нөхцөлийг бодлогоор бүрдүүлэх шаардлагатай” хэмээсэн. Мөн “Хархорин сумын төрийн байгууллагууд, банк зэрэгт 20 гаруй эдийн засагч ажилладаг юм билээ. Гэтэл цаана нь 40 орчим эдийн засагч ажилгүй байна. Дахиад эдийн засагч мэргэжлээр ийм тооны хүн сурч байгааг судалгааг тогтоосон. Тиймээс заавал их, дээд сургуулийн дипломтой болох гэлгүй эрэлттэй мэргэжлээр МСҮТ-д суралцах нь чухал. Өнөөдөр улс оронд мэргэжилтэй ажилчид эрэлттэй байгаа” гэв. Тэрбээр, “Бид сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Өөрөө сайхан амьдралаа цогцлоох хэрэгтэй. Гадаадад байгаа монголчууд захидал бичихдээ “Монгол Улсыг сайхан хөгжүүлээч, бид очмоор байна” гэдэг. Хариуд нь “Хүрээд ир, хамтдаа хөгжүүлье” гэж бичдэг. Бид өнөөдөр хийхгүй бол хэн ч хийхгүй. Хэзээ нэг цагт хэн нэг хүн ирээд бидний амьдралыг сайжруулахгүй. Бид өөрсдөө л чадна” гэлээ. Энэ үгийг иргэд алга ташин хүлээж авчээ.
Үүний зэрэгцээ хөдөөд бэлчээр тулгамдсан асуудал болжээ. Уянга сумын Бадрал багийн нутагт ч бэлчээрээс болж иргэд маргалдах нь бишгүй аж. Тээлийн ам гэдэг газар өмнө нь Бадрал багийн нутаг байсан бол одоо Хайрхандулаан сумын бүсэд багтжээ. Тэнд нутаглаж байсан малчдыг Хайрхандулааны малчид хөөж, бэлчээрээ харамладаг гэх гомдол гарч байв. УИХ-ын дэд дарга Г.Батхүү сумдын хилийн цэс тулгамдсан асуудал, ер нь бэлчээрийг зохистой ашиглах ёстой гээд санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан Бэлчээрийн тухай хуулиар энэ бүхнийг зохицуулахаар тусгасныг дуулгалаа.
Бадрал багийн иргэд дэмжээд өгвөл эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тус багийн иргэн С.Даваадагва “Мянган үнээний ферм ажиллуулах боломжтой. Ийм тооны сарлаг бий. Гагцхүү ферм барих хөрөнгийн эх үүсвэргүй. Хэрэв үйлдвэрлэлийг дэмжих зээлээс өгвөл фермээ байгуулж, сүүний үнээний эрчимжсэн аж ахуй эрхэлмээр байна” гэсэн хүсэлт тавьж байсан.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш